Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг, Д.Сарангэрэл нарыг ЭМДҮЗ-ийн бүрэлдэхүүнд оруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-12-15 15:39:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж баталлаа.

Засгийн газар шинээр байгуулагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд Засгийн газрыг төлөөлөх гишүүдэд өөрчлөлт оруулах шаардлагатай болж, Засгийн газар саналаа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд ирүүлсэн юм. Байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Засгийн газрыг төлөөлөх гишүүн Б.Чойжилсүрэн, Н.Номтойбаяр, А.Цогцэцэг нарыг чөлөөлж, Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг, Д.Сарангэрэл нарыг томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн. Мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Эрүүл мэндийн сайд Даваажанцангийн Сарангэрэлийг томилох санал дэмжигдсэн юм. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 87.8 хувь нь дэмжлээ. 
Н.Туяа
Холбоотой мэдээ