Дархан-Уулд 530 гаруй иргэнийг түр ажлын байраар хангалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-12-19 20:51:43
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга С.Насанбатын санаачилгаар шинэ жилийн баярыг угтан “Цэвэр цэмцгэр хот” аяныг зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөрөнгө оруулалтыг аймагтаа татан Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран ажилгүй болон орлого багатай иргэдийг түр ажлын байраар хангах, хотын гадна тойрогт болон хороолол дунд зориулалтын бус газарт үүссэн хог хаягдлыг бууруулах, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэх, хотын төвийн хорио цээрийн бүс нутагт орсон мал амьтадтай ажиллах, гэрэлтүүлэг, хаягжуулалт зэрэг нийт найман ажилд 534 иргэнийг аймгийн хэмжээнд ажиллуулж байна.

Аймгийн хэмжээнд түр ажлын байраар хангагдаж буй тус иргэд нийт 3-10 өдөр ажиллах ажээ. Тодруулбал: өдрийн цас цэвэрлэгээний ажил хийж байгаа иргэд 3 хоног, хот доторх болон хотын гаднах хогийг цэвэрлэх, гудамжны сандал засварлах, гэрэлтүүлэг, хаягжуулалт, эко эргүүл зэрэгт ажиллаж байгаа иргэд 10 хоног ажиллах юм. 534 иргэн өдөрт тус бүр 28,000 төгрөгийн цалинтай. Ажлаа хийж дууссаны ХАОАТатвараа төлөөд гарт олгогдох цалин авна. Энэхүү түр ажлын байраар хангагдаж буй иргэдийн дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч хамрагдаж байна.

Дээрх ажилд хамрагдах иргэдэд зориулж Залуучууд театрын дугуй танхимд сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, орон нутагт хэрэгжиж байгаа ажлын байрыг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, залуучуудын гарааны бизнесийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг хөгжүүлэх, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлж санхүүгийн дэмжлэг олгох зэрэг хөтөлбөрүүдийн талаарх танилцуулгыг хийжээ.
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ