Боловсрол эзэмшилтээр улсын хэмжээнд эхний байруудад багтах зорилго тавьжээ

Орон нутагт | Говь-Алтай
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 20:58:18

Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Бидний Алтай” хөтөлбөрт боловсролыг хөгжүүлэх, багш нарыг дэмжих, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар олон асуудал тусгагдан хэрэгжиж байна.

Өнгөрсөн хавар хүүхэд бүрийг жигд хөгжүүлж буй бага ангийн багшийг урамшуулах ажлын хүрээнд аймгийн хэмжээний 5 дугаар ангийн нийт 42 бүлгийн 933 сурагчаас математик, монгол хэлний хичээлээр хяналтын шалгалт авч шалгалтын дүнгээр эхний 3 байр эзэлсэн ангийн багш нарыг нийт 12.0 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан юм. Цаашид тус аймгийн хүүхдүүдийн боловсрол эзэмшилтийн түвшинг 5 жилийн дараа гэхэд улсын хэмжээнд эхний байруудад хүргэх зорилгоор боловсрол шинэчлэлийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхэллээ.

Мөн “Англи хэлийг Алтайдаа” төсөлд Орон нутгийн хөгжлийн сангаас 300.0 сая төгрөг зарцуулж Англи хэлний улсын төрөлжсөн олимпиадын 2-ын даваанд шалгарсан 4 сурагчийг Австрали улсад сурагч солилцооны хөтөлбөрт хамруулж, АНУ, Австрали, Англи, Фижи улсад суралцах гадаад хэлний багш нарыг сонгон шалгаруулж эхний ээлжинд Фижи улсад 5 багшийг 45 хоногийн хугацаатайгаар суралцуулаад байна. Бусад багш нарыг гадаад сургах арга хэмжээ үргэлж байна. Заадаг хичээлээрээ жигд амжилт гаргасан багш нарыг 10 сая хүртэл төгрөгөөр урамшуулахаар хөтөлбөрт тусгасан байна. Алтай нутгийн ирээдүйн хөгжлийг өндөр мэдлэг боловсролтой боловсон хүчин авч явах учир ийнхүү боловсролын хөгжилд онцгойлон анхаарч байгаа ажээ.

                                                                                   Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ