Залуу зураачийн урласан Ерөнхийлөгчийн хөрөг 5 саяар зарагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-01-02 14:06:13

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн залуу зураач А.Хайратын бүтээсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хөрөг саяхан шинэ жилийн баярын цэнгүүний үеэр зохион байгуулсан дуудлага худалдаагаар  таван сая төгрөгөөр зарагджээ.

Сүүлийн үед эрчимтэй түгээн дэлгэрээд байгаа стринг арт стилээр хийгдсэн уг бүтээлийн гол онцлог нь зөвхөн хадаас, оёдлын утсыг ашиглан урласан ажээ. "Абай", "Казахын баатар", "Хүлэг морь" зэрэг стринг арт, хагас товгор баримал бүтээлүүдээрээ олны танил болоод буй зураач А.Хайрат дээрх хөргийг урлах болсон шалтгаанаа: "Өнгөрсөн зун Киргизийн зураач Азамат Жаналиев энэ аргаар манай Ерөнхийлөгчийн хөргийг урлаж байсныг сонссон. Гадаадын хүмүүс хийсэн зүйлийг бид яагаад хийж болохгүй гэж бодоод энэ ажилд шамдан орсон. Хөргийг арван хоногт хийж дуусгалаа" хэмээн тайлбарлалаа.

Ерөнхийлөгч Х.Баттулгын хөрөг дээрх нь 90х70 см-ийн хэмжээтэй бөгөөд 1200 ширхэг хадаас, 750 м орчим утас зарцуулсан байна.

Ө.Нурболат
 

Холбоотой мэдээ