Анхны нар харах аялал найм дахь жилдээ зохион байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-01-03 14:44:23
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Боловсрол соёл, урлагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир спортын газар хамтран “Шинэ оны анхны нар харах аялал”-ыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баруун-Урт сумаас урагш 30 гаруй километрт байрлах Баяншарга ууланд найм дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Аялалд 130 гаруй машин, 700 гаруй хүн оролцов.

Уул ус, байгаль дэлхийдээ хүндэтгэл үзүүлэх болон шинэ оны анхны нарнаас энерги авах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, монгол үндэсний хувцасаа сурталчлах, нийтийн биеийн тамирын арга хэмжээг түгээн дэлгэрүүлэх гээд олон талын зорилгоор тус аялалыг зохион байгуулдаг уламжлалтай.  Аялалд Баруун-Урт сумаас гадна Асгат, Халзан, Наран, Түвшинширээ сум болон Улаанбаатар хотоос иргэд залуучууд зорин ирж оролцсон нь энэ жилийн онцлог байлаа. Шинэ оны анхны харах аяллаар “Мөнгөн өвөл-2018” монгол үндэстний өвлийн хувцасны үзүүлбэр болон морьтон залуучуудын дунд ташуур шүүрэх тэмцээн, 32 үндэсний бөхийн барилдаан зохион байгуулж хурсан олныг хөгжөөсөн юм.

Энэ өдөр тэнгэр хангай тогтуухан байж, анхны нар 08 цаг 06 минутанд мандаж, цугласан олон нарны цацрагаас энерги авч байлаа.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ