Арилжааны банкууд активын чанараараа эрсдэлгүй гэж гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-11 15:55:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд хууль санаачлагчаас болон тус банкны удирдлагуудаас зарим асуудлыг тодруулж асууж байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан энэ үеэр, "Олон улсын байгууллагад хандаж, дотоодын арилжааны банкуудын активын чанарын үнэлгээг 2016 оны байдлаар хийлгэсэн. 2016 он бол эдийн засгийн хувьд хүнд үе байсан. Гэхдээ шалгалтын дүнгээр банкууд хангалттай дүнтэй гарсан. Ойрын 6 сарын хугацаанд арилжааны банкуудыг өөрийн хөрөнгөө нэмэгдүүл гэсэн үүрэг даалгавар өгч буй. Энэ хугацаанд хөрөнгөө нэмэгдүүлээгүй бол дахин хөрөнгөжүүлэх асуудал босч ирнэ. Тухайн үед нь энэхүү асуудлыг УИХ-тай зөвшилцөх болно. Одоогийн байдлаар арилжааны банкуудыг активын чанараараа эрсдэлгүй гэж үзэх боломжтой" гэсэн хариултыг өгч байв.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Б.Туул
Холбоотой мэдээ