Есөн хүн архинд хордож, нэг нь нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-01-15 10:26:30
Дорнод /МОНЦАМЭ/. Энэ сарын 11-ний өдөр Дорнод аймагт есөн хүн архинд хордож, нэг нь газар дээрээ нас баржээ. Архинд хордсон иргэд Дашбалбар сумаас хойш 70 км-т мал, мах авч явах үедээ архидан согтуурч, техникийн зориулалттай шингэн нэмж ууснаар ийн хордсон байна.
Улаанбаатар хотоос очсон иргэн Т машиныг хөлдөхөөс хамгаалах зориулалттай цэнхэр өнгийн шингэнийг ундааны саванд хийж авч явснаа гаргаж, “өмнө нь ууж үзсэн, зүгээр” гэхэд нь ууцгаасан гэж мэдүүлээд байгаа юм. Амиа алдсан Улаанбаатар хотын иргэн Т зүрх нь зогссон байдалтай Дашбалбар сумын эмнэлэгт хүргэгдэн ирснээр хордсон хүмүүст эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэжээ. Одоогоор өвчтөнүүдийг БОЭТ-д шилжүүлэн авчраад байна. Нэг иргэний биеийн байдал хүнд, бусад нь хордлогын шинжтэй эмчлүүлж байна гэж мэдээллээ.
Дээрх явдалтай холбогдуулан Дорнод аймагт онц байдал зарлаад байна. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ