Нүүрс тээвэрлэлтийн замд урт дараалал байхгүй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-01-19 21:41:46
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уурхайгаас өмнө хил хүртэлх замд нүүрс тээвэрлэлтийн машины урт дараалал үүссэн нь сүүлийн үед олны анхаарлыг их татаж байсан юм. Хүйтний улиралд машиндаа хоол ундаа хийж идэж уудаг, хүйтэнд даарч олон хоногийн дараалалд маш олон жолооч нар эрсдэлтэй амьдарч байгааг дээр доргүй ярилцсан ч амжилт олоогүй байсаар байсан юм.
Харин сүүлийн өдрүүдэд эерэг мэдээллийг тус аймгийн Засаг дарга Н.Наранбаатар өгч байна. Өчигдрийн байдлаар 
Гашуунсухайт хилийн боомтоор 83 тээврийн хэрэгсэл 5395 тонн нүүрс тээвэрлэн гарч, ачаагүй хоосон 445 тээврийн хэрэгсэл орж ирсэн. Баяжмал ачаатай 20 тээврийн хэрэгсэл 560 тонныг тээвэрлэн гарч ачаагүй хоосон 60 тээврийн хэрэгсэл орж ирсэн гэж мэдээлээд нүүрс тээвэрлэлтийн замд дараалал байхгүй болсон гэлээ. 
Тэрээр өнгөрсөн энэ 7 хоногт Ганц мод боомтод Урдын дунд хошууны удирдлагууд, боомтын дарга нартай уулзаж үүссэн нөхцөл байдлын талаар санал солилцсон юм. Чалко болон Винсвэй компанийн тээвэр хийдэг 400 гаруй машины эзэд шаардлага тавьж улмаар нааш нэвтрэх замыг хааж эсэргүүцэл илэрхийлсэн юм. Тэд уртын урт тээврийг хуучнаар явуулах, улс хоорондын тээвэр хийх эрхийг Авто тээврийн үндэсний төвөөс хятад эзэнтэй компаниудад нэмж өгөх, Монгол жолооч нарын нийгмийн даатгалыг төлөхгүй байх, Хятад жолооч тээвэрт явахад визний дэмжлэг үзүүлэх гэсэн асуудлуудыг тавьсан байв.
Харин Өмнөговь аймгийн удирдлагуудын зүгээс Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг танилцуулж, уг шаардлагыг хүлээн авах боломжгүй гэдгийг хэлж тээврийн үйл ажиллагааг яаралтай эхлүүлэхийг хүссэн байсан юм. 
Уг уулзалт ийнхүү үр дүнгээ өгч өнөөдөр нүүрс тээвэрлэлтийн замд дараалалгүй болжээ.
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ