Баруунтуруун суманд өвөлжилт хүндэрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-01-22 12:53:06
Увс /МОНЦАМЭ/. Баруунтуруун сумын ихэнх нутгаар 25-30 см-ийн зузаан цастай, он гарсаар хүйтэрч, цас нэмж орсноос өвөлжилт хүндэрч малчид малаа зогсоогоор тэжээж эхлээд байна. Одоогоор сумын хэмжээнд 50 гаруй мал хорогдоод байгаа аж.
“Цаашид хүйтний эрч чангарч, цас нэмж орвол байдал хүндрэх төлөвтэй байна” хэмээн сумын Засаг дарга С.Лхагвасүрэн хэллээ. Баруунтуруун сумын төвийн нэгдсэн халаалтыг хариуцаж ажилладаг "Оч гэрэл" компани нь нүүрсний нөөц багатай, аваарын нөөц насос байхгүй, ажлын байрны орчин маш муу, ажилчид нь 12 дугаар сарынхаа цалинг аваагүй зэрэг хүндрэлтэй нөхцөл байдалтай байгаа аж. Үүнд аймгаас шуурхай арга хэмжээ авч нүүрсний нөөцийн таталтыг хийлгээд байна. Сумын удирдлагуудаас өгч буй үүрэг даалгаврыг хүлээж авахгүй ажилдаа хариуцлагагүй хандаж буй тус компанид арга хэмжээ авна хэмээн аймгийн удирдлагууд мэдэгджээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ