Зарим суманд түр хамгаалах байр байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-01-24 18:55:24
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хамтран зохион байгуулсан сумдад “Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах байр, иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх өрөө”-г тохижуулах уралдаанд амжилттай оролцсон алба хаагчдад шагнал гардан авлаа.
Уралдаанд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн Баянзүрх сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Бат-Оргил, цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Батбаатар нарыг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл Хүндэт өргөмжлөл 1.5 сая төгрөгөөр, дэд байр эзэлсэн Эрдэнэбулган сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Энхболд, цагдаа, цагдаагийн ахлагч Б.Түвшинжаргал нарыг Цагдаагийн газраас Хүндэт өргөмжлөл, “Ямаха" маркын мотоциклээр, гуравдугаар байр эзэлсэн Түнэл сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Батбаяр, цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Нэргүй нарыг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүндэт өргөмжлөл” нэг сая төгрөгөөр байрыг тохижуулах эрхээр шагналаа.
Орон нутагт тулгамддаг асуудал бол гэр бүлийн хүчирхийлэл. Ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртсөн ч очих газаргүйн улмаа хүчирхийллийг нуун дарагдуулах тохиолдол байдаг. Дээрх сумын хэмжээнд “Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах байр, иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх өрөө”-г иж бүрэн тохижуулсны улмаас хүчирхийлэлд өртсөн иргэд айх аюулгүй түр байх боломж бүрдэж байгаа ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ