“Дээшлэх хөдөлгөөн” түүхэн дэх хамгийн их үзэгчтэй орос киногоор нэрлэгдэв

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2018-01-30 18:36:02
Москва /МОНЦАМЭ/. Өнгөрөгч оны сүүлээр нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийг байлдан дагуулсан “Дээшлэх хөдөлгөөн” кино ОХУ-ын түүхэн дэхь хамгийн их үзэгчтэй орос киногоор нэрлэгдлээ.
 
“Россия 1”суваг болон “ТРИТЭ” студийн хамтын бүтээл ОХУ-ын сагсан бөмбөгчдийн баатарлаг ялалтын тухай энэхүү киног одоогийн байдлаар ОХУ даяар 10 сая гаруй хүн үзэж, кино бүтээгчид 2,5 тэрбум рублийн орлого олоод байна.
 
Кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, орос кино дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай болсныг батлах энэхүү кинонд 45 жилийн өмнөх Мюнхены Олимпийн үеэр ОХУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг АНУ-ын багийг баатарлагаар хожиж буй тухай өгүүлнэ. “Дээшлэх хөдөлгөөн” кинонд сэтгэл хөдөлгөн огшоох мөч олон таарах бөгөөд киноны төгсгөлд нулимс унагахгүй үзэгч ховор.    
 
АНУ-ын кино найруулагч Жеймс Камероны бүтээл уран зөгнөлт “Аватар” кино 2009 онд ОХУ-д нээлтээ хийж 3.6 тэрбум рублийн ашиг олон бүх цаг үеийн хамгийн их үзэгчтэй киногоор нэрлэгдэж байсан юм. Харин “Дээшлэх хөдөлгөөн” кино “Аватар”-ын орлогыг давах хандлагатай буйг кино шүүмжлэгчид онцолж байна.
 
Дашрамд дурдахад “Дээшлэх хөдөлгөөн” киног 2018 оны Пёнчаны Өвлийн Олимпт оролцохоор явж буй ОХУ-ын шигшээ багийн тамирчдад толилуулжээ.
 
Л.Нандиа
 
  
Холбоотой мэдээ