Орост авсан хоригийг хагас жилээр сунгахаар тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-22 11:37:50

ЛОНДОН. /TASS/. Туркийн Анталья хотод энэ сарын 15-16-нд болсон “Их 20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Өрнөдийн орнуудын удирдагчид албан бусаар уулзаж, Орост авсан хориг арга хэмжээг хагас жилээр буюу ирэх оны долдугаар сар хүртэл сунгасан байна. Энэ тухай “Reuters” агентлаг нэрээ нууцлахыг хүссэн европын өндөр албан тушаалын дипломатчийн мэдээллийг иш татан уламжилжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, хэдийгээр террорист “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд ОХУ-тай нягт хамтран ажиллахыг улам хүчтэй уриалж байгаа боловч дээрх шийдвэрийг баталсан байна. “Их 20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын төгсгөлд хийсэн товч уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Германы Канцлер Ангела Меркель, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон болон Италийн Ерөнхий сайд Маттео Ренци, мөн Францын төрийн тэргүүний уг дээд хэмжээний уулзалтад төлөөлөн оролцсон тус улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус оролцжээ.

Дипломатчийн онцлон тэмдэглэснээр, Украины зүүн нутагт явуулахаар төлөвлөсөн сонгуулийн өмнө Орост өгч буй шахалтаа үргэлжлүүлэх нь чухал гэдэг дүгнэлтэд Өрнөдийн орнуудын удирдагчид хүрсэн байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ