АНУ-д хоригдож байгаа Оросын иргэний нөхцөлийг сайжруулж өгөхийг хүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-07 16:50:09
ВАШИНГТОН /РИА Новости/. АНУ-д шилжүүлэн өгсөн Оросын иргэн Петр Левашовыг Оросын дипломатууд эргэсэн бөгөөд шоронгийн удирдлагуудаас түүний хоригдох нөхцөлийг сайжруулж өгөхийг хүссэн тухай Нью-Йорк хотод суугаа ОХУ-ын Ерөнхий консулын газрын албан ёсны Twitter хуудсаар мэдээллээ.
 
Дипломат ажилтнууд Левашовтой хоёрдугаар сарын 6-ны өдөр уулзсан байна. Түүний хоригдож байгаа нөхцөл маш тааруу байгаа тухай тус консулын газраас мэдээлжээ. “Хорих өрөө нь гэрэлгүй, цаггүй, хувийн ариун цэвэр сахих наад захын хэрэгсэл байхгүй. Гудасны зузаан ердөө л ганц сантиметр бөгөөд дээрээс нь дуу чимээ ихтэй нь унтаж амрах боломж олгохгүй байна хэмээн Левашов ярьж байв" гэж дипломатууд мэдээлэв.
 
“Түүнийг салхинд гаргадаггүй, засан хүмүүжүүлэх газрын байран дотуур явуулдаггүй аж. Эмчид үзүүлэхэд ханиадны шинж тэмдэг илэрч, эм бичиж өгсөн боловч эмийг нь ч олгоогүй байна” гэж консулын газрын мэдээнд дурджээ.

Хоригдож байгаа Оросын иргэний хоригдох нөхцөлийг сайжруулж өгөхийг түүнийг эргэж очсон дипломатууд засан хүмүүжүүлэх газрын удирдлагаас хүссэн байна.

Оросын дипломатууд Коннектикут муж улс дахь Брижпорт шоронгийн удирдлагуудтай уулзахдаа хоригдож буй Оросын иргэний нөхцөлийг сайжруулж, түүнд анхаарал тавьж, хууль ёсны эрхийг нь хангах талаар яаралтай арга хэмжээ авах хэрэгтэйг анхааруулсан байна. "Бид хууль сахиулах байгууллагууд болон Төрийн департаменттай холбоотой ажиллаж, нөхцөл байдлыг хяналтандаа байлгана” гэж консулын газраас мэдэгджээ.

Левашовыг өнгөрөгч баасан гарагт Испанид баривчлан АНУ-д шилжүүлэн өгсөн байна. Тэрбээр сүлжээний компьютеруудад вирус тараасан, хувь хүний нууц болон санхүүгийн мэдээлэл хулгайлсан, цхаим орчинд дээрмийн үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутгаж байгаа юм. 
 
Б.Амарсайхан 
 
Холбоотой мэдээ