Путин Ираны удирдлагатай уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-23 11:42:49

ТЕГЕРАН/МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ираны Тегеран хотод хоёр талын хэд хэдэн уулзалт хийнэ. Тухайлбал, тэрбээр Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани болон тус улсын дээд удирдагч аятолла Али Хаменеитэй уулзана. Уулзалт хэлэлцээ Байгалийн хий экспортлогч орнуудын форумын /БХЭОФ/ дээд хэмжээний уулзалтын үеэр болно.

Оросын төрийн тэргүүн мөн Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовтой уулзана. Тэрбээр дээд хэмжээний уулзалт оролцох бусад орны удирдагчидтай мөн уулзаж магадгүй.

Путин урьд нь 2007 онд Иранд цорын ганц удаа айлчилж байжээ.

Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, Путины Роуханитай хийх уулзалт нь энэ жилийн хувьд гурав дахь нь болно. Али Хаменеитэй Путин найман жилийн өмнө Тегеранд болсон Каспийн тэнгисийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр ердөө нэг удаа уулзжээ.

Путин БХЭОФ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын хуралдаан эхлэхээс нэг өдрийн өмнө аятолла Али Хаменеитэй уулзах аж. Харин Ираны Ерөнхийлөгчтэй орой уулзахаар товлосон бөгөөд эхлээд хоёр талын уулзалт хийсний дараа хоёр орны төлөөлөгчдийн оролцоотой уулзана.

Ушаковын хэлснээр, Ираны удирдлагатай хийх хэлэлцээний үеэр “Сирийн мөргөлдөөнийг зохицуулах, Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой үйл ажиллагааны иж бүрэн хамтарсан төлөвлөгөө, терроризмтой, түүний дотор “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх” зэрэг олон улсын тулгамдсан асуудлуудад гол анхаарлаа хандуулна.

Үүнээс гадна, хэлэлцээний явцад хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо солилцох төлөвтэй байна.  

Тусгай зочны хувиар дээд хэмжээний уулзалтад уригдсан Туркменистан улсын Ерөнхийлөгчтэй Оросын удирдагч “хоёр орны хамтын ажиллагааны тулгамдсан бүх асуудлыг хэлэлцэнэ” гэж Ушаков хэлжээ.

Дээд хэмжээний уулзалтад мөн Болив, Венесуэл, Нигери, Экваторын Гвиней улсын Ерөнхийлөгч нар болон Алжирын Ерөнхий сайд оролцох аж. БХЭОФ-ын гишүүн бусад орныг Тегеранд эрчим хүчний байгууллагын түвшинд төлөөлнө.

Байгалийн хий экспортлогч орнуудын форум Ираны Тегеран хотод энэ сарын 11-13-нд болох бөгөөд дээд хэмжээний уулзалт “Байгалийн хий-тогтвортой өсөлтийн шилдэг түлш” сэдвийн дор болно.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ