Улсын аваргуудын шагналыг гардуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-02-12 18:40:46
Увс /МОНЦАМЭ/. Энэ жил Увс аймгаас “Улсын Аварга малчин” зургаа, “Улсын Тэргүүний тариаланч” гурав төрсөн. Аваргуудын шагналыг гардуулж эхлээд байна.
“Улсын Тэргүүний тариаланч”-аар тодорсон Увс аймгийн Улаангом сумын 1-р багийн тариаланч Ч.Батсуурьт шагналыг нь өчигдөр УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон аймаг, сумын удирдлагууд гардуулан өгч хүндэтгэл үзүүлсэн байна. Монгол Улсын хүнсний ногооны үрийн нөөцийн 90 гаруй хувийг Увс аймаг үйлдвэрлэдэг. “Улсын Тэргүүний тариаланч”-аар тодорсон Ч.Батсуурь багагүй хувь нэмэр оруулдаг байна. Тэрбээр сүүлийн 43 жил газар тариалан эрхэлж, лууван, шар манжин, хүрэн манжин, байцаа сонгино зэргийг тариалж, жилдээ нэг тонн гаруй үр үйлдвэрлэдэг амжилтаар ийнхүү энэ жил улсын сайчуулын эгнээнд оржээ.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон аймаг, сумын удирдлагууд “Улсын Аварга малчин”-аар шалгарсан Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн малчин Самтангийн Отгонбаяр, "Улсын Тэргүүний тариаланч"-аар шалгарсан Түргэн сумын тариаланч Бямбацогтын Батхүү нарт шагналыг нь мөн өчигдөр гэрт нь очиж гардуулан өгч, хүндэтгэл үзүүлжээ. Өнөөдөр Завхан, Наранбулаг сумаас төрсөн Улсын аваргуудын шагналыг гардуулан өгөхөөр аймгийн удирдлагууд хөдөөг зорьжээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ