Хэрэглээний сагсны 344 нэрийн барааны 31.1 хувийнх нь үнэ өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-02-14 13:30:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Инфляци нэгдүгээр сарын үзүүлэлтээр өмнөх сараас 1.4 хувиар, өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар өслөө хэмээн ҮСХ-ноос мэдээллээ.

Өмнөх оны мөн үеэс инфляци 6.9 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ, тээврийн бүлгийн үнэ, сүү, сүүн бүтээгдэхүүн, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ  өссөн нь голлон нөлөөлснийг статистикчид онцолж байна.



Харин инфляци өмнөх сараас 1.4 хувиар өсөхөд  хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ, согтууруулах ундаа, тамхины үнэ голлон нөлөөлжээ.

Хүн амын тэн хагас нь амьдарч буй Улаанбаатар хотын инфляци өмнөх сараас 1.7 хувиар, өмнөх оны мөн үеэс 8 хувийн өсөлтэй гарсан байна. Тодруулбал нийслэлд өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 31.1 хувийнх нь үнэ өсчээ. Улмаар судалгаанд хамрагдсан 100 нэрийн бараанаас 51 бүтээгдэхүүний үнэ өссөн үзүүлэлт байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн нэгдүгээр сард  Ховд аймагт өмнөх сараас  өөрчлөлтгүй гарсан бол бусад аймагт 0.3-2.1 хувиар өсчээ. Харин Говь-Алтай аймагт 2.1 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт гэдгийг статистикчид онцлов.
 
ЭДИЙН ЗАСАГ  5.1 ХУВИАР  ӨСЧЭЭ

Нэг хувь хүртэл буураад байсан эдийн засаг 2017 онд 5.1 хувиар өссөн. Эдийн засгийн гол хэмжүүр болох ДНБ өнгөрөгч оны гүйцэтгэлээр 16.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 826 тэрбум буюу 5.1 хувиар  өссөн байна.

Үйлчилгээний салбарын нэмэгдэл, экспорт, үндсэн хөрөнгийн нийт хуримтлал, бүтээгдэхүүний цэвэр татварын хэмжээ нэмэгдсэнээр эдийн засаг сайжирч, өсөлт үзүүлсэн гэдгийг мэргэжилтнүүд тодотгов.

Тухайлбал экспорт 1.5 их наяд төгрөгөөр буюу 13.4 хувиар өсчээ. Харин үндсэн хөрөнгийн нийт хуримтлал 1.1 их наяд төгрөгөөр буюу 32.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
 
ТӨСВИЙН  ТЭНЦЭЛ 114.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ ГАРАВ

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт  тэнцэл 114.2 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.

Тодруулбал өнгөрөгч сард 530.4 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 416.2 тэрбум төгрөг болсон байна. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеэс 29.8 хувиар өсөхөд орлогын албан татвар 59.4 хувиар, нийгмийн даатгалын орлого 31.8 хувиар, онцгой албан татварын орлого 63.0 хувиар, гадаад үйл ажиллагааны орлого 35.6 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлжээ. Улсын нэгдсэн төсвийн орлогын 77.2 хувийг татварын орлого, 10.2 хувийг татварын бус орлого, 10.8 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 1.8 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна.
 
ӨРХИЙН  ЗАРЛАГА 130.9 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

Судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 950 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 108.2 мянган төгрөгөөр буюу 12.9 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна.

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 47 мянган төгрөг,  хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 23.9 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2017 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 130.9 мянган төгрөгөөр буюу 14.6 хувиар өсчээ. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 103.4 мянган төгрөгөөр буюу 15.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Б.Заяа
Холбоотой мэдээ