УНТЭ-ийнхэн элэг шилжүүлэн суулгах туршлагаа орос мэргэжилтнүүдтэй хуваалцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2024-05-14 16:07:56

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Красноярск хотын төв эмнэлгийн эмч нар дөрөвдүгээр сарын 16-наас нэг сарын хугацаанд Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт суралцлаа.


УНТЭ, ОХУ-ын Красноярск мужийн төв эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд амжилттай суралцаж төгссөн ОХУ-ын эмч нарт сертификат гардуулах ёслол УНТЭ-ийн хурлын танхимд өнөөдөр болов. Эмч нарын бүрэлдэхүүнд ОХУ-ын Красноярск мужийн эмнэлгийн эмч Соболев Павел, Цокаев Муслим, Скуратов Алексей, Потылицина Екатерина нар багтаж байна.


ОХУ-ын эмч нар УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах болон элэг цөсний замын мэс заслын чиглэлээр манай эмч мэргэжилтнүүдээс туршлага судалсан юм. 


Ёслолын ажиллагааг нээж УНТЭ-ийн захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ, “Урьд өмнө бид гадагшаа явж суралцдаг байсан бол одоо гадны эмч мэргэжилтнүүдийг сургаж эхэлж байгаад баяртай байна. Өнгөрсөн жил бид Элэг шилжүүлэн суулгах чиглэлээр олон улсын хурлыг зохион байгуулсан. Тэр үеийн статистик мэдээллээр манай элэг шилжүүлэн суулгах хагалгааны дараах амжилтаар дэлхийн өндөр хөгжилтэй орны үзүүлэлтээс илүү байсан. Энэ нь гаднын эмч мэргэжилтнүүд манайд суралцахад нөлөөлсөн байх. Цаашид хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд сургалтад хамрагдсан 4 эмчид сертификатыг нь гардуулав.


Сургалтад хамрагдсан эмч нар сарын хугацаанд их зүйл сурч мэдэж авсандаа баяртай байгаагаа илэрхийлээд Красноярскийн эмнэлэгт хүрэлцэн ирэхийг урьсан юм. 

Энэ удаагийн олон улсын сургалт нь УНТЭ-ийн хувьд олон улсын хамтын ажиллагааны хүрээнд гаднын эмч мэргэжилтнүүдийг өөрийн эмнэлэг дээр сургасан анхны тохиолдол болж байгаа бөгөөд цаашид гаднын улс орны олон эмч мэргэжилтэнг эх орондоо сургаж туршлага хуваалцах юм. Түүнчлэн Буриад улсаас эмч мэргэжилтнүүдээ манайд сургах хүсэлтээ ирүүлсэн бөгөөд удахгүй сургалт зохион байгуулах аж.


УНТЭ-ийн хувьд 2011 оноос эхлэн элэг шилжүүлэн суулгах ажилбар эхэлсэн бөгөөд 2014 оноос манай эмч нар бие даан хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 260 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгасан байна. 





Холбоотой мэдээ