ДОРНОД: Санбэйсийн хүрээний зураг Чойбалсан хотын түүхийг тод томруун харуулах цорын ганц бүтээл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-05-14 19:07:06

Чойбалсан, 2024 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Сайнбэйсийн хүрээ буюу одоогийн Дорнод аймгийн Чойбалсан хот тэртээх 1826 оноос эхлэлтэй. 1910-1922 онд Сэцэн хан аймгийн Сайнбэйсийн хүрээ нэртэйгээр Түмэн-Өлзийт овоо хэмээх газарт байжээ. Сан бэйсийн хүрээ нь нийт 7 дацан, 11 сүм, 10 гаруй хурал, 1000 орчим ламтай байсан гэдэг. Хүрээний тэр үеийн байдлыг тод томруун харуулсан түүхэн ач холбогдолтой цорын ганц ховор нандин бүтээл болох энэхүү зураг өдгөө Дорнод аймгийн музейд бий.


Энэ зургийг 1966 онд Дорнод аймгийн ХДТ-ын зураачаар ажиллаж байсан Д.Гомбосүрэн бүтээжээ. Санбэйсийн хүрээнд амьдарч байсан ахмадууд санаачилж, хамтран монгол зургийн аргаар бүтээсэн бөгөөд тэрээр 12-17 насандаа Санбэйсийн хүрээнд шавилан сууж бурхны хөрөг зурдаг байв.


Зургийн төв хэсэгт Санбэйсийн хүрээг дүрсэлж өгсөн ба гол хийдийг тойрон жижиг дацангууд, түүнийг хүрээлэн лам нарын гэрийг тод томруун дүрсэлсэн нь хүрээ зохион байгуулалтыг илтгэж байна. Тухайн бүтээлийг бүтээхдээ томоохон хийд дацан болгоныг дугаарлан тэмдэглэж нэр тайлбарыг бичсэн байдаг нь танин мэдэхүйн томоохон судлагдахуун үзмэр болон өвлөгдөж иржээ.


Гол хүрээний баруун хойд хэсэгт Түмэн-Өлзийтийн хүрээг дүрслэн харуулжээ. Уг бүтээл нь дээрээс тольдсон мэт зохиомжтой бүх зүйл нүднээ ил харагддаг. Дорнодын зон олны хэлж заншсан “Эр хүний овоо”  тэр үед “Хийморийн овоо” нэртэй оршиж байсан төдийгүй баяр наадмаа хийдэг байжээ. Түүнээс гадна Хэрлэн голын эргээр байрлах орос худалдаачид, мөн голын ойролцоо байрлах хятад тариачдыг дүрслэхээс гадна Санбэйсийн хүрээний зүүн хэсэгт зах зээлийн хэсгийг дүрслэн өгсөн нь нэн сонирхолтой.


Сансрайдорж ноёны өвлийн ордон нь одоогийн Дорнод аймгийн музейн ойролцоо байрлаж байсан түүхтэй. Энэхүү бүтээлийн анхны хар зураг хүүд нь одоог хүртэл хадгалагддаг бөгөөд Чойбалсан хотын түүхийг тод томруун харуулах цорын ганц бүтээл болон үлджээ.  

Холбоотой мэдээ