Завхан суманд тэмээний баяр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-02-20 11:53:18
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас Завхан сумын ЗДТГ болон “Сайхан Халиун” компанитай хамтран Тэмээний баярыг энэ сарын 26-ны өдөр Завхан суманд хийх гэж байна. “Сайхан халиун” компанийн захирал С.Хийморьсан нь ах дүү нарынхаа хамтаар өөрийн эцэг Цөөхөр сартуул овгийн Ч.Сүхбаатарын нэрэмжит Тэмээний баярыг Завхан суманд 13 дахь жилдээ уламжлал болгон ийнхүү зохион байгуулах гэж байгаа аж. Тэмээний баярт оролцох багууд үндэсний онцлогийг харуулсан монгол хувцастай байх бөгөөд өөрийн байгууллагын онцлогийг харуулсан туг, лого, таних тэмдэгтэй байх аж. Тэмцээний төрөл тус бүр дээр эхний гурван байрыг шалгаруулж, шагнаж урамшуулах юм байна. Энэ үеэр тэмээтэй жагсаал, урлаг соёлын арга хэмжээ, хурдан тэмээний уралдаан, тэмээтэй буухиа тэмцээн, гоё ганган тэмээтэй сайхан хос шалгаруулах, тэмээн чарганы үзүүлбэр, үйлчилгээ, ардын бий биелгээний үзүүлбэр, цасны сумо барилдаан, олс таталтын тэмцээн, Дээлтэй Монгол шалгаруулах, Завхан сумын брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа, үдшийн цэнгүүн зэрэг арга хэмжээ явагдах юм байна.
Увс аймгийн Завхан сум нь аймагтаа төдийгүй баруун бүс нутагтаа тэмээний тоо толгойгоороо тэргүүлдэг бөгөөд Түмэн тэмээний баярыг хоёр удаа хийж байсан сум юм.
Б.Батхүү
Холбоотой мэдээ