Оюутнаа сонсох өдрийг улиралд нэг удаа явуулахаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-02-21 17:32:22

Завхан/МОНЦАМЭ/. МУИС-ийн Завхан сургуулийн захиргаанаас "Оюутнаа сонсоё" өдрийг зохион байгууллаа. Энэ үеэр тус сургуулийн 600 орчим оюутнууд санал хүсэлтээ цаасаар ирүүлж тэднийг төлөөлөн оюутны зөвлөлийн 30 гаруй оюутнууд багш нар болон, тэнхмийн эрхлэгч нартай дугуй ширээний ярилцлага зохион байгуулжээ.
Энэ үеэр сургуулийн сургалтын албаны дарга Д.Нар-Од, Бүртгэл, санхүү, бизнесийн удирдлагын тэнхмийн эрхлэгч Ж.Норолхоожав, Хэрэглээний шинжлэх ухааны тэнхмийн эрхлэгч Д.Алтанхуяг нар оюутнуудад тулгамдаж буй ямар асуудлууд байна, тэтгэлэгт урамшуулалд хэрхэн хамрагдах, сурах орчин нөхцөл хангалттай эсэх, цаашид хэрхэн ажиллах талаарх санал бодлыг нь сонсож заавар зөвлөгөө өглөө.
Харин нийт оюутнуудын санал хүсэлтийг эмхэтгэж оюутнуудын төлөөлөл оюутны зөвлөлөөс сургуулийн захиргаандаа 40 гаруй санал хүсэлтийг багцалсан зөвлөмжийг хүргүүлжээ. Оюутнууд сурах орчин нөхцөл сайн байгаа хэдий ч зарим тохиолдолд сонгон суралцах хичээлийн дадлага ажлын хичээлийн цагийг уртасгах, зарим шаардлагатай үед чөлөө өгөх, оюутнуудын дунд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх уралдаан тэмцээнийг байнга явуулах гэхчлэн олон талын санал хүсэлтээ хүргүүлжээ. Түүнчлэн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын тоог хязгаарлахгүй нэмэх хэрэгтэй хэмээн санал болгожээ. Цаашид тус сургууль улиралд нэг удаа энэхүү "Оюутнаа сонсоё" үйл ажиллагааг явуулж байхаар болжээ.
Дашрамд тус сургуульд Завхан аймгаас гадна Улаанбаатар, Дархан, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай гэхчлэн найман аймаг хотоос бизнесийн удирдлагын зургаан хөтөлбөр, электрон системийн автоматжуулалт хөтөлбөр, багш, англи хэлний боловсрол хөтөлбөр гэсэн бакалаврын найман хөтөлбөр, магистрын долоон хөтөлбөрөөр нийт 600 орчим оюутан бакалавр, магистрын түвшинд суралцаж байна.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ