ОХУ-ын сонгогчид суугаа газартаа ямар нэгэн нэмэлт бичиг баримтгүй санал өгөх боломжтой

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-02-22 18:13:53
Москва /МОНЦАМЭ/. ОХУ-ын 2018 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ удаагийн сонгууль сонгогчдод түр оршин суугаа газартаа ямар нэгэн нэмэлт бичиг баримт шаардахгүйгээр санал өгөх боломж олгож буйгаараа онцлогтой.
 
ОХУ-ын 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 70 гаруй хүн нэрээ дэвшүүлсэн ч СЕХ-оос тавьсан шалгуурыг ердөө 8 хүн хангасан. Тэдгээрийн дотор ОХУ-ын одоогийн Ерөнхийлөгч, бие даан нэр дэвшигч Владимир Путин, ЛДПР намын дарга Владимир Жириновский, КПРФ намаас нэр дэвшигч Павел Грудинин, РОС намаас нэр дэвшигч Сергей Бабурин, Яблоко намаас нэр дэвшигч Григорий Явлинский, КР намаас нэр дэвшигч Максим Сурайкин, Партия Роста намаас нэр дэвшигч Борис Титов болон ОХУ-ын 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн цор ганц эмэгтэй нэр дэвшигч Ксения Собчак нар багтаж буй юм.
 Энэ удаагийн сонгууль нь сонгогчдод аль ч хотын санал авах байранд саналаа өгөх боломж олгож буйгаараа онцлог юм. Өмнө нь өөр газар санал өгөхийн тулд өөрийн бүртгэлтэй газраас үнэмлэх авах шаардлагатай байсан. Харин өнгөрсөн жил баталсан шинэ журмын дагуу сонгогч санал өгөх газартаа өргөдөл гаргахад л хангалттай аж.  
Гуравдугаар сарын 18-ны өдөр ОХУ даяар 95 мянган санал авах байр ажиллах бол хилийн чанадад 400 орчим санал авах байр ажиллаж нийт 110 сая орчим сонгуулийн насны иргэн төрийн тэргүүнээ сонгох эрхээ эдэлнэ. Харин хойд туйлын станцын ажилчид, далайчид зэрэг онцгой нөхцөлд ажилладаг иргэдэд зориулсан урьдчилсан санал хураалт энэ сарын 25-ны өдрөөс эхэлнэ. 
Нэр дэвшигчдийн анхны радио мэтгэлцээн энэ сарын 26-ны өдөр болох бөгөөд мэтгэлцээнд Павел Грудинин, Владимир Жириновский, Ксения Собчак, Борис Титов нар оролцоно. Харин нэр дэвшигчдийн теле мэтгэлцээн энэ сарын 27-ны өдөр болох юм.
 Дашрамд дурдахад ОХУ-ын 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа орон даяар өрнөж буй эдгээр өдрүүдэд нэр дэвшигчид өөрсдийн ивээн тэтгэгчдээ зарлаж байна. “Гражданская инициатива” намаас нэр дэвшигч Ксения Собчак саяхан хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр өөрийн ивээн тэтгэгчдээ нэрлэлээ. Түүний спонсор дотор ОХУ-ын нэрт бизнесмен “Yota devices” компаний эзэн Сергей Адоньев, “Онено Шоппин” компаний дэд захирал, бизнесмэн Александр Росляков, “Росэнергомаша” компаний экс ерөнхийлөгч, бизнесмэн Владимир Палихат зэрэг Оросын шилдэг бизнесүүд багтаж байна. Ксения Собчак сонгуулийн сурталчилгаандаа 140 сая рубль зарцуулж буй бөгөөд нийт зардлын 80 гаруй хувийг ивээн тэтгэгчид нь бүрдүүлж буй ажээ.
Л.Нандиа
 
 

Холбоотой мэдээ