ОНЦЛОХ УРЛАН

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
altankhuyag@montsame.mn
2018-03-01 20:55:21
СОНГОДОГ БҮТЭЭЛҮҮДИЙГ НЭГ ДОРООС...

Урлагийн бүх л төрлийн урсгал чиглэлүүд үүсэхэд хүчтэй нөлөөлсөн төрөл нь яах аргагүй уран зураг. Харин тэдгээр уран зургуудыг тэтгэсэн дотоод их хүч, ахуйгаас онцгой байдал нь уран зохиол, домог түүх, тухайн үеийн нийгмийн байдалтайгаа ямар нэгэн сэжимээр холбогдсон байдаг.

Монголын үе үеийн сонгодог бүтээлүүдийн уран зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Соёлын төв өргөө, Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд боллоо.  Боловсрол Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яамаас зохион байгуулж буй уг үзэсгэлэнд Ч.Батмөнхийн “Дайны талбарт”, Г.Одонгийн “Ажлын дараа”, Б.Шаравын “В.И.Ленин”, Б.Чогсомын “Бөхчүүд” зэрэг алдартай бүтээлүүд тавигдсан байна. 

Үзэсгэлэн энэ сарын 6-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд үнэ төлбөргүй юм. Тус үзэсгэлэнгээс бид өнгөрсөн нийгмийн үйл явдал, хувьсгалын гал улаан түүх бийр, будгийн хослолоор хэрхэн амилснийг үзэх боломжтой.

Будаг гэснээс тухайн үеийн реалист бүтээлүүдэд өнгө хамгийн чухал үүрэгтэй байсан нь социализмын үеийн сонгодог зургуудаас харагдаж байна. Өнгө бол уран зургийн дүрслэл, илэрхийллийн уран сайхны төвөгтэй хэрэгсэл бөгөөд зохиомжинд онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ талаар урлагийн түүх асар их туршлага хуримтлуулсан. Монгол зураг ч ялгаагүй.



Хамгийн гол нь өнгөний зохицол хийгээд гэрэл нь нууцлаг байдлаар илэрч, зургийн нэг дүрийн ард дахин нэг дүр, үйл явдлыг багтааж байгааг тус үзэсгэлэнд дэлгэгдсэн зураач Ц.Доржийн 1981 онд бүтээсэн “Эцсийн мөч” зургаас тод харагдана. Дайн байлдаантай үеийн ширүүн тэмцэл, монгол эрийн зориг, эцсийн мөчид буугаа тулан унасан баатар эр. Гэвч тэнгэрийн хаяаг дээрээс нь доош улаанаар шууруулан зурсан нь хүнд цаг үеийн хэцүү бэрх түүхийг бүхэлд нь тодорхойлох шиг санагдана.

Голландын их мастер Рембрандт гүн харанхуй доторх хурц гэрлээр зохиомжийнхоо гол баатрыг буюу хэлэх гэсэн санаагаа цохон гаргадаг байсныг бүгд мэднэ. Дэлхийн олон сургууль янз бүрийн урсгал хандлагатай зураачдын үй түмэн бүтээлээс тиймэрхүү жишээг хичнээн бол хичнээнийг ч татаж болно. Уран зургийн өнгө үзэгчдэд хүйтэн, дулаан хоёроос илүүтэйгээр хүртэхүй, мэдрэхүй, ажиглахуйн олон янзын сэтгэгдэл төрүүлдэг.



Хүйтэн туяалаг гэрэлтэй өнгийг шинжлэх ухаан “хөнгөн өнгө” гэж тодорхойлсон байдаг. Д.Чойдогийн 1954 онд зурсан “Цэдэнбал, Мао Зэ Дун” зургаас ийм л дулаахан, хөнгөн өнгөний ялгарал ажиглагдаж байна. Мэдээж өнөөдрийн түвшинд урлаг, уран зураг асар их өөрчлөгдсөн ч гэлээ тухайн үеийн бүтээлүүдийг шууд одоогийн зургуудтай харьцуулах бус бүтээсэн цаг үетэй нь харьцуулан дүгнэх хэрэгтэй гэдгийг өнгөнөөс гадна дээрх зургийн өгүүлэмж нь үзэгчдэд хэлж өгч байх шиг санагдана.

Сүүлийн үед Монголын уран зурагт эрчимлэг гэх темпраментны, хурц тод, эрч хүчтэй сэтгэгдлийг илэрхийлсэн зураачид төрөх болсон. Үүний зэрэгцээ зөөлөн, яруу тунгалаг өнгө зохицол дотор нь байгалийн төрхийг урласан имперсионизм чиглэлийн бүтээлчид ч төрж байна.

Сюрреализм буюу бодитой дүрслэл нь бодит юм шиг боловч түүнийг илүү ургуулан бодож хөгжүүлэн зурахдаа уламжлалт зургийн арга, хээ хуарыг ашигласан А.Сэнгэцохиогын “Ховдыг чөлөөлсөн нь”, Ц.Даваахүүгийн “Манай нэгдлийнхэн” зургууд энэхүү үзэсгэлэнгийн дотор томоохон байр суурийг эзлэнэ.
Гэхдээ хийсвэр урлагийн зарим онолчид өнгө бол дүрсэлж чадахгүй, илэрхийлж чадна гэж үздэг тал бий.



Харин сайхан өнгө гэдэг дан ганц хэлбэр биш агуулга, хэлбэрийн зохицолтой салшгүй холбоотой. Үүний үр дүнд ч өнгө нь цаасан дээр бодитоор оршиж, хүний сэтгэл санааг эзэмдэн гоо сайхны таашаал сонирхлыг хөгжүүлэх онцгой ач холбогдолтой байсныг “Монголын сонгодог бүтээлүүд” үзэсгэлэнгээс мэдрэх болно.

Эцэст нь өгүүлэхэд ерөөс бидний ойлгох ёстой нэг зүйл бий. Тэр нь юу вэ гэвэл нэн түрүүнд “агуу бүтээл”-ийг бүрэн илэрхийлсэн тодорхойлолт байдаггүй гэдгийг мэдэх явдал юм. Хэрэв сайн зургийг муу зурагнаас ялгаж сурахыг хүсвэл танд ямар ч онолын хичээл, ном хэрэг болохгүй. Харин маш олон зургийг харж, үзэх нь л чухал. Тэгвэл уншигч та өөрт хамгийн онцгой мэдрэмж төрүүлдэг урсгал чиглэл, зураач, бүтээлчийг мэдэж аваад, зөвхөн түүнийгээ дагнан судлах боломжтой болно.

Ван Гог, Реанур нарын зургуудыг анх мэргэжлийн бус олон жилийн насгүй бүтээл гэж үнэлдэг байсан. Түүнтэй адил цаашид дээрх зургуудын аль нь үлдэх, үлдэхгүйг болоод сайн, муу бүтээл болохыг ирсэн зочид болгон дур зоргоороо таамаглах аргагүй билээ. Ямартаа ухамсраас гадна орших, мөн чанар нь тайлагдашгүй үлдсэн нэгээхэн ч уран зураг үгүй байдаг.



Чингис хаан үзэсгэлэнд Рейганд дэлгэгдсэн нь

АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейганы номын санд нээсэн "Чингис хаан" үзэсгэлэнд Монголын эзэнт гүрний үеийн эд зүйлсийг дэлгэн тавьжээ. Калифорнийн Сими хөндийд орших тус номын санд шинийн  нэгний өдөр нээлтээ хийсэн тус үзэсгэлэн энэ оны наймдугаар сарын 19-ний өдрийг хүртэл үзэгчдийн хүртээл болох гэнэ. Тийм дээ ч олон сар үргэлжлэн гарах тус үзэсгэлэнгээр Чингис хааныг дэлхий дахинд сурталчлахыг зорьжээ.

Энэ талаар тус номын сангийн хэвлэлийн төлөөлөгч Мелисса Гиллер “Үзэсгэлэнгийн гол зорилго нь амьд ахуй цагтааЮлий Цезарь, Македоны Александр нараас гурав дахин том газар нутаг эзэлж байсан Чингис хааныг олон нийтэд харгис эзлэн түрэмгийлэгчээр бус эерэг талаас нь харуулахыг хүссэн. Чингис хаан бол соёл иргэншил, хөгжлийн түүчээлэгч, хууль тогтоогч, ардчилсан хүн байсан. Үүнийг л бид харуулахыг зорьсон юм” гэсэн байна.

Тус үзэсгэлэнд нийт 200 гаруй эд зүйл тавигдсанаас 13 дугаар зууны үеийн хувцас, үнэт эдлэл, чимэглэл, багаж хэрэгсэл болон бусад урлагийн бүтээл, дурсгалт зүйлсийг дэлгэжээ.



Монголын эзэнт гүрний нийслэл хэрмэн ханаар хүрээлэгдсэн Хархорум хот, Чингис хааны ач хүү Хубилай хааны зуны ордон Занаду, өрнө дорно, өмнө умрыг холбосон худалдаа харилцаа, шинэ технологи, шинжлэх ухаан, соёл заншил дамждаг “дэлхийн гол гүүр” торгоны замын тухай болон бусад сонирхолтой эд зүйлсийг тус үзэсгэлэнгээс үзэх боломжтой юм.

Тухайн улсын иргэд болоод жуулчдыг татах өөр нэгэн онцлог нь үзэсгэлэн үзэхийн зэрэгцээ өдөрт гурван удаа 11:00, 13:00, 15:00 цагуудад монгол хөгжимчид болоод дуучид, бүжигчдийн үзүүлбэрийг үзэх боломжтой гэнэ.



Үзэсгэлэнгээ АНУ, Канад, Сингапурт дэлгэж сая гаруй хүн үзсэн” хэмээн тус үзмэрүүдийг цуглуулсан Мессим ярьсан байна. Мөн тэрээр “Би Монголд үлэг гүрвэлийн чулуужсан яс эрж хайхаар очоод Чингис хааны талаар жинхэнэ үнэнийг мэдэж авсан. Харин энэ талаар үзэсгэлэнгээр дамжуулан өгүүлбэл илүү сайхан түүх болно. Би эдгээр үзмэрүүдийг цуглуулахад есөн жил зарцуулсан. Энэ бол Чингис хааны эрин үед хамаарагдах эд зүйлсийн хамгийн том цуглуулга” хэмээсэн байна.
 

“Монголын сонгодог бүтээлүүд”. Гэрэл зургийг: Б.Чадраабал
Тоймч: Б.Алтанхуяг

Холбоотой мэдээ