Гэр бүлүүдэд 3 хүүхэдтэй байхыг зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-03 15:31:38
БЭЭЖИН. /РИА Новости/. Энэ сард болох Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын ээлжит чуулганаар Хятадын хууль тогтоогчид гэр бүлийн хосуудад 3 хүүхэдтэй болох боломжийг олгох асуудлыг хэлэлцэж магадгүй хэмээн “Global Times” сонин мэдээлжээ.

2015 оны намар Хятадын эрх баригчид 1970 оноос хэрэгжиж эхэлсэн “нэг хүүхэд” бодлогыг цуцлах шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэр нь хүн амыг тэнцвэржүүлж, улс орны хөгжилд дэмжлэг үзүүлэх болно хэмээн БНХАУ-ын дарга Си Жиньпин тэмдэглэж байжээ.

Уг саналыг Хятадын Гуандун мужийн төлөөлөгч, хуульч  Жу Леюй дэвшүүлж байжээ. Хүн амын тооны талаархи бодлогыг зөв тооцоолохгүй бол Хятад улс төрөлт багатай улс болж магадгүй хэмээн үзэж байсан учир тэрбээр уг саналыг дэвшүүлсэн байна.

Жу Леюй мэдэгдэхдээ “Нэг гэр бүл- нэг хүүхэд” бодлогыг цуцалснаар хүлээлт болон үүнээс гарах үр дагаврын хооронд том ялгаа оршиж байсан. Энэ нь хүн амын тоог эрчимтэй өсгөхөд биш харин эсрэгээрээ төрөлтийн түвшнийг бууруулахад хүргэсэн юм” гэжээ.

“Зөвхөн 3 хүүхэдтэй болох боломжийг олгох нь төрөлтийн түвшин бууралтын асуудлыг шийдэж чадахгүй. Төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд Хятад улс хүүхэд төрөлтийн төлөвлөлтийн бодлогоосоо бүр мөсөн татгалзах ёстой. Хятад улс “хоёр хүүхэд” бодлогыг хэрэгжүүлсээр байвал сүүлийн 10 жилд Хятад улсад төрөлт ихээхэн буурч, ингэснээр 20 жилийн дараа гэхэд улс орны эдийн засгийн хөгжилд ноцтой аюул учирч болзошгүй юм” хэмээн үзэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна.  

Гэр бүлүүдийг ганцхан хүүхэдтэй байлгах зорилгоор хүн амын тоог хянахын тулд, Хятад улс 1970 онд “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ. Гэсэн хэдий ч энэ бодлого нь аажимдаа хүйсийн тэнцвэргүй байдал, хүн амын хөгшрөлт зэрэг асуудалд хүргэсэн юм.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд 2013 онд Хятадын эрх баригчид бодлогоо зөөллөхөөр шийдэж хоёр хүүхэдтэй байх боломжийг гэр бүлүүдэд олгож эхэлсэн байна.
Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ