Умард Солонгос АНУ-тай урьдчилсан нөхцөл болзолгүйгээр яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-04 15:11:01
МОСКВА./РИА Новости/. Урьдчилсан нөхцөл болзлыг биелүүлэхийг шаардахгүй бол манай улс АНУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна хэмээн Умард Солонгосын ГХЯ-ны төлөөлөгч мэдэгдсэн тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.

Тэрбээр хэлэхдээ “Бид ямар нэгэн урьдчилсан нөхцөл болзлын талаар АНУ-тай харилцаж байсан тохиолдол хэдэн арван жилийн туршид байгаагүй. Цаашид ч ийм тохиолдол гарахгүй. Манай улс АНУ-тай яриа хэлэлцээ хийж асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэхэд бэлэн байна. Гэхдээ бид АНУ-ын зүгээс мэдэгдсэний дагуу цэргийн хүч хэрэглэх хувилбараас зайлсхийх юм уу тус улстай яриа хэлэлцээ хийхийг гуйхгүй.  Хоёр талыг түгшээж байгаа асуудлыг тэгш эрхтэйгээр хэлэлцэх бодолтой байна” гэжээ.

Түүнчлэн тэрбээр “Цөмийн зэвсгээс татгалзуулахын тулд АНУ манай улстай яриа хэлэлцээ хийнэ гэдэг бол инээдтэй хэрэг. Манай ард түмэн төдийгүй дэлхийн бусад улсын хүсч байгаа шиг Солонгосын хойгт амар тайван байдлыг тогтоох эсвэл хэний ч хүсэхгүй байгаа нөхцөл байдал сөргөлдсөн буруу тойрогт үргэлжлэх эсэх нь бүхэлдээ АНУ-аас хамаарна” хэмээн хэлсэн байна.
 Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ