Сурагчид байгаль хамгаалах чиглэлээр энэ онд 12 ажил хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2018-03-05 14:57:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Ногоон паспорт” аяныг жилийн хугацаанд зохион байгуулахаар болжээ.

Энэхүү санаачилгын хүрээнд сурагчид эко клуб байгуулж, жилд байгаль хамгаалах чиглэлээр 12 ажил хийнэ. Сурагч бүрт олгогдох “Ногоон паспорт” нь 12 хуудастай байх ба хийсэн ажлынхаа тоогоор хүүхдүүд хуудастаа тэмдэглэгээ хийлгэж жилийн эцэст дүгнүүлэх аж. Тус санаачилгын хүрээнд БОАЖЯ, тус яамны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн байгаль орчны газартай хамтран ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн сурагчдын дунд  “Хаягдал зай цуглуулах хайрцагны загвар зохион бүтээх уралдаан” зарлажээ.

Энэ талаар БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал Г.Номин, “Ногоон пасспорт” санаачилгын хүрээнд зарлаж буй энэхүү уралдаанд дунд, ахлах ангийн сурагчид эко клуб байгуулан оролцох боломжтой. Хүүхдүүд маань хаягдал зай цуглуулах хайрцаг хийснээрээ бусдадаа хогоо ангилж хаях дадал, зуршлыг бий болгох эхлэлийг тавьж байгаагаараа онцлог юм. Уралдаанд оролцох бүтээлийг энэ сарын 15-ны өдрийн 17.30 цагаас өмнө БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд хүлээн авч, ажлын хэсэг 1, 2 болон тусгай байрыг шалгаруулна.  Эхний байрт орсон клуб 1 сая, дэд байр эзэлсэн клуб 500 мянган төгрөг, гутдугаар байр эзэлсэн клуб тусгай шагнал хүртэнэ. “Ногоон паспорт” санаачилгад нэгдэж, идэвхтэй оролцсон нэг эко клубыг жилийн эцэст ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг гадны улсын эко клубын туршлагатай танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэж байгаа. Үүнээс гадна эко клубын хүүхдүүд маань “Ногоон паспорт” санаачилгын хүрээнд ямар ажил хийхээ өөрсдөө тодорхойлох бөгөөд энэ сарын 17-нд “Олон улсын хүүхдийн Найрамдал” төвд болох Эко клубуудын чуулга уулзалтаар өөрсдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшнийхэнд хүргэх юм” хэмээв.
Д.Сарантуяа
Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ