Мөнгөн ус илэрсэн сургуулийн сурагчдыг өнөөдрөөс амраалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-03-12 13:02:42
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн Цогцолбор нэгдүгээр сургуулийн хичээлийн хоёрдугаар байрны бага ангийн хичээл өнөөдрөөс эхлэн амарч байгаа бөгөөд ирэх сарын 2-нд орохоор зохицууллаа. Тус ангид  саяхан мөнгөн ус илэрч, ангийг битүүмжлээд байсан юм. Уг нь бол энэ долоо хоногт хичээллээд сурагчид гуравдугаар улирлын амралтаа эдлэх байсан ч тус сургуулийн хичээлийн байранд мөнгөн ус илэрсний улмаас бага ангийн сурагчдын амралтыг урагшлуулж, дараагийн улиралд хичээлийг нөхөж оруулахаар болсон байна.
Цогцолбор нэгдүгээр сургуулийн бага сургуулийн хоёрдугаар ангийн сурагч ангидаа мөнгөн ус цүнхэлж ирж тоглож байсныг нэгнийх нь эцэг эх мэдэж энэ сарын 8-ны өдөр Онцгойд мэдээлэл өгсний дагуу мэргэжлийн байгууллагынхан шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Одоогоор тус сургуулийн хичээлийн хоёрдугаар байрыг чөлөөлж, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хор судлалын үндэсний лабораторид 86 хүний шээсний шинжилгээг хүргүүлээд байна. Мөн МХЕГ-аас шинжээчийг урьж ирүүлж 72 хэсгийн агаараас сорьц авч анги тасалгаануудад байгаа хордолтын хэмжээг тодорхойлохоор ажиллаж байна. Аймгийн ОБГ-аас 39 өрөө тасалгаанд 7 удаа ариутгах халдваргүйжүүлэх, элс асгах, агааржуулалт оруулах, мөн хэрэглэгдэж байсан материалуудыг устгалд оруулах зэрэг ажлыг хийжээ. Мөн Цагдаагийн газраас хүүхдүүдээс мөнгөн устай холбоотой мэдээ мэдээллийг тодруулахаар хавтаст хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна.
Өнгөрсөн сарын 27-нд Улаангом сумын Галданбошгот хорооллын 17-р байранд оршин суугчийн гэрээс мөнгөн ус илэрч байсан бөгөөд тус айлын хоёрпугаар ангийн хүүхэд ангидаа мөнгөн ус цүнхэлж аваачин тоглож байгаад ийнхүү мөнгөн ус алдсан байна. Үүнээс өмнө буюу өнгөрсөн сарын 5-нд “Гранд” зочид буудалд мөн мөнгөн ус алдагдсан хэрэг гарсан юм.
Б.Батхүү
Холбоотой мэдээ