Х.Серёжа: Баян-Өлгийд төлбөр тооцоонд Казахстаны тенге хэрэглэдэг гэдэг нь ташаа мэдээлэл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-13 22:32:28

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.  Сүүлийн үед цахим орчинд Баян-Өлгийд төгрөг үнэгүйдэж, Казахстаны мөнгөн тэмдэгт болох “тенге”-г хэрэглэдэг болсон гэх утга бүхий мэдээллүүд гараад байна. Тиймээс энэ талаар Баян-Өлгий аймаг дахь Монголбанкны салбарын захирал Х.Серёжагаас тодрууллаа.

Тэрээр, Тус аймагт Казахстаны мөнгөн тэмдэгтийг хэрэглэдэг болсон гэдэг нь ор үндэсгүй мэдээлэл. Иргэд гадаадын мөнгөн тэмдэгтийг хөрш зэргэлдээ орнуудад зорчих, худалдаа наймаа хийх зорилгоор   ашигладаг байх. Манай аймагт Казахстаны тенге болон гадаадын бусад валютаар гүйлгээ, худалдаа наймаа хийдэг нэг ч хувь хүн, худалдааны байгууллага байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлэх байна. Жишээлбэл, Монголбанкны салбараас сүүлийн 4-5 жилийн хугацаанд Баян-Өлгий аймгийн банкны зах зээлд жилд дунджаар 50-55 орчим тэрбум төгрөгийг нийлүүлсэн. Энэ бол аймгуудын дунджаас дээгүүр үзүүлэлт. Үүнээс гадаадын валютаар ямар нэгэн гүйлгээ хийгдэхгүй болохыг харж болно. Нэмж хэлэхэд, сүүлийн үед төгрөгийг буяны үйлсэд зориулж газарт булах, суварга шүтээнд хийх, уул овоо, сүм хийд, рашааны эхэд тавих зэрэг үйлдлүүд гарч байгаа. Иймээс Монголбанкнаас “Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” аяныг өнгөрсөн онд хоёр сарын хугацаатай зохион байгуулсан. Монгол төрийн соёмбо, их эзэн Чингис хаан, Сүхбаатар жанжны хөрөгтэй үндэсний мөнгөн тэмдэгт маань улсын тусгаар тогтнол, түүх соёл, зан заншлын бэлгэдэл мөн. Төгрөгтөө хүндэтгэлтэй хандаж, соёлтой хэрэглэн, зөвхөн төлбөр тооцооны зорилгоор ашиглахыг ард иргэдээс хүсэж байна” хэмээлээ.   
  
Гадаадын орнуудын мөнгөн тэмдэгтийн дундаж насжилт 7-8 жил байдаг бол манай төгрөгийн насжилт хэрэглээнээс хамааран 3-4 жил байдаг аж. Мөнгийг хэвлэхээс эхлээд устгагдах хүртэлх үе шат бүрт өндөр өртөг, цаг хугацаа, хөдөлмөр шаардагдах ба ард иргэдийн төлсөн татварын тодорхой хэсэг түүнд зарцуулагддаг байна.

 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ