Хэнтий аймагт өнгөрсөн онд галзуу өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-03-14 16:26:05
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хэмжээнд 2017 онд Биндэр, Батноров, Норовлин, Баян-Адрага, Галшар сумдад мал амьтны галзуу өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ.

Галзуу өвчний эрсдэлд өртөж, урьдчилан сэргийлэх дархлаажуулалтанд 18 сумын 138 иргэн хамрагдсанаас 84.5 хувь нь төв суурин газарт, 83.3 хувь нь эзэнтэй нохойд уруулан эмнэлгийн тусламж авсан байна.

Энэхүү өвчнөөс сэргийлэхийн тулд дархлаажуулалтын бэлдмэлийг бүрэн тунгаар эмчийн заавраар хийдэг боловч тодорхой шалтгааны улмаас вакцины нөөц хомсдсон тул дараах сэрэмжлүүлгийг Хэнтий аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс хүргэж байна.  Үүнд:
  1. Төв суурин газарт нохой эзэмших журмын дагуу нохойг өөрийн эзэмшил газарт уяж байх
  2. Гэрийн тэжээвэр муур нохойг  галзуугаас сэрийлэх тарилгад хамруулах
  3. Нохой муур, зэрлэг амьтанд уруулсан ноцуулсан тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах
  4. Дархлаажуулалтын бэлдмэлийг бүрэн тунгаар хийлгэх
  5. Үдэш оройн цагаар сургуулийн хүүхдийг нохойд уруулах эрсдэлээс сэргийлэн тосч авах
  6. Нохой тэжээдэг иргэд орой үдшийн цагаар өөрийн нохойг эзэмшил газраас гарахаас сэргийлэх /хашааны хаалга үүдийг түгжих, хашааны онгорхой цоорхойг бөглөх зэрэг/ арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхаарууллаа.
Галзуу өвчин нь вирусээр үүсгэгддэг, төв мэдрэлийн тогтолцоог сонгомлоор гэмтээдэг, одоогоор эмчилгээний асуудлыг бүрэн шийдэж чадаагүй зоонозын хурц  халдварт өвчин юм.

Манай улсад 2017 онд 15 аймгийн 97 сум, Улаанбаатар хотын гурван дүүргийн нийт 119 голомтоос 245 мал амьтан өвчилсөн ба үүнийг  2016 оны өвчлөлтэй харьцуулахад  6.5 хувиар өссөн байна. Мөн ОХУ-ын Буриад Улсын Мэргэжлийн хяналтын байгууллагаас мал амьтны галзуу өвчний 35 тохиолдол бүртгэгдсэний 68.6 хувийг үнэгний өвчлөл эзэлж байгаа тухай мэдээлж байна.
Д.Одонтунгалаг

 

Холбоотой мэдээ