"Хүний эрх ба насан туршийн боловсрол" сэдвээр залуус илтгэл тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2018-03-15 14:37:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр "Дэлхийн илтгэлийн өдөр”. Уг өдрийн хүрээнд "Тоастмастерс Монгол” ТББ нь ХЭҮК-той хамтран “Хүний эрх ба насан туршийн боловсрол” сэдвээр илтгэлийн өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийг зохион байгуулснаараа монголчууд дэлхийн 100 гаруй орны иргэдтэй нэгэн зэрэг үзэл бодлоо олон улсад түгээж байгаа хэрэг юм. Энэ жилийн арга хэмжээнд англи хэлээр үзэл бодлоо илэрхийлэх хүсэлтэй нийт 30 гаруй илтгэгч оролцож, нэг илтгэгч 4-5 минутын хугацаанд илтгэлээ тавив. Өдөрлөгт нас, хүйс, мэргэжил харгалзахгүйгээр хүссэн хүн бүр оролцохоор заасан ч залуучууд голлон хамрагдаж, нийгэмд бугшсан нуугдмал асуудлуудыг хөндөж тавьлаа.

Английн зохиолч, нэрт уран илтгэгч Саймон Гибсон өдгөөгөөс 4 жилийн өмнө "Дэлхийн илтгэлийн өдөр”-ийг анх санаачилж, түүнээс хойш жил ирэх тусам оролцогчдын тоо, хамрах хүрээ нь өссөөр байгаа аж. Илтгэлийн өдрийн хэвлэлийн түншээр "New York Times" сонин ажилладаг ба улс орон бүрийн арга хэмжээг "Livestream Youtube" онлайн сувгаар дэлхий дахинд нэгэн зэрэг дамжуулав.

Д.Сарантуяа
Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ