Марш тактикийн тэмцээнд анх удаа эмэгтэйчүүдийн баг оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-03-16 13:41:26
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойд зориулсан Марш тактикийн тэмцээн эхэллээ. Долоо дахь жилдээ болж буй тус тэмцээнийг аймгийн Засаг даргын ивээл дор ЗДТГ, Цэргийн штаб хамтран цэргийн хүрээний анги байгууллагуудын дунд зохион байгуулж байна.

“Энэ жилийн тэмцээний гол онцлог нь эмэгтэй баг оролцож байгаа явдал юм. Манай аймагт марш тактикийн тэмцээнд эмэгтэй баг оролцож байсан тохиолдол байхгүй. Эмэгтэй алба хаагчдаа дэмжих, нөгөө талаар эмэгтэйчүүд ч мөн адил цэргийн албанд эрчүүдтэй мөр зэрэгцэн ажилладаг гэдгийг тодотгох утгаараа зориуд эмэгтэй алба хаагчдыг баг бүрдүүлэн оролцуулахаар болсон. Тэмцээнд эрэгтэй найм, эмэгтэй гурван баг оролцож байна. Багуудын бэлтгэл сургуулилт, ур чадвар жигд байгаа нь ажиглагдаж байна.” гэж аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа С.Жалбасүрэн хэллээ.

Оролцогч багууд 10 километр зам явганаар туулах бөгөөд замын дунд зургаан төрлийн ажиллагааг гүйцэтгэх юм.

Тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгч бол аймгийн таван удаагийн аварга, Зүүн бүсийн аварга баг Сүхбаатар Эрдэнэцагаан суман дахь Хилийн цэргийн 0146 дугаар анги гэдгийг оролцогчид хэлж байна.
Марш тактикийн тэмцээн нь жил бүр болдог ч өнгөрсөн жил шүлхий өвчний хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор завсарджээ.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ