Зэвсэгт хүчнийхэн Сүхбаатарын талбайд нээлттэй өнжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-03-17 18:23:18
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойг тохиолдуулан цэрэг армийг сурталчлах өдөрлөг Сүхбаатарын талбайд боллоо.

Төр засгийн удирдлагууд, Батлан хамгаалах салбарын удирдах албан тушаалтнууд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Мөн энэ үеэр батлан хамгаалахын их сургуулийн оюутнууд цэргийн парад, зэвсэг техникийн үзэсгэлэн, урлагийн тоглолт үзүүлж цэргийн хээрийн гал тогоо, эмнэлгийн багийн үзлэг хийсэн юм.

Манай улс 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж, улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг баталгаажуулах анхны түүхэн ялалтаа тунхаглаж байсан түүхтэй билээ. Тиймээс БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор, 1946 оноос эхлэн энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж ирсэн. Хожим нь 2003 онд Улсын Их Хурал “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хууль батлан гаргаж, гуравдугаар сарын 18-ныг “Монгол цэргийн өдөр” болгож, нийтээр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. 

Монгол улсын зэвсэгт хүчин өдгөө Сьерра-Леоне, Ирак, Этиоп, Эритрей, Баруун Сахар, Афганистан, Либери, Чад, Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байна.
О.Мөнхжаргал
Холбоотой мэдээ