Хүүхдийн эрхийн зөрчил ихээр гарч байгаа сумдад анхаарлаа хандуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-03-18 23:40:16
Сэлэнгэ /МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо 2018 оны анхны хуралдаанаа зохион байгуулж, энэ оны ажлаа төлөвлөн, 2017 онд хийсэн ажлаа дүгнэлээ.  Энэ онд тус хороо үндсэн чиг үүргийнхээ дагуу төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэн ажиллах гэнэ. Тодруулбал хүүхдийн эрхийн зөрчил ихээр гарч байгаа Мандал, Сайхан, Зүүнбүрэн, Шаамар, Алтанбулаг, Цагааннуур сумдуудад ажлын хэсэг гарган сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. 

Эднийх 2017 онд гэмт хэрэгт холбогдсон, гэрч хохирогч хүүхдүүдэд хууль эрх зүйн зөвлөгөө үйлчилгээ болон холбон зуучлах ажлыг тасралтгүй зохион байгуулжээ. Тухайлбал эрх зүйн зөвлөгөө үйлчилгээг 48 удаа, холбон зуучлах үйлчилгээг 8 удаа, хүүхдийг батлан даалтад авах хүсэлтийг 8 хүүхдэд тус тус үзүүлсэн байна. Мөн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааг сурталчлах үүднээс 17 сумын ИТХ-ын дарга нарт сургалт, мэдээлэл хийж гарын авлага, тараах материалаар хангажээ. Түүнчлэн Ерөнхий боловсролын 34 сургуулийн захирал, нийгмийн ажилтнууд, хүүхдийн төлөөллийг оролцуулан “Хүүхдийн эрхийн хамгаалал хамтын ажиллагаа-өсвөр үеэ мансуурлаас сэргийлье” сургалт зөвлөлгөөн, хүүхэд залуучуудыг хорт зуршил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хар тамхи, мансуурах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн, доктор профессор Ш.Лхагвасүрэнг урьж сургалт зохион байгуулсан байна.
Мөн Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг аймгийн 17 сум 6 тосгон, 50 баг, ерөнхий боловсролын 34 сургууль, 32 цэцэрлэг, төрийн болон төрийн бус 12 байгууллагуудад сурталчлан таниулж, 17450 иргэнийг мэдээллээр ханган ажиллажээ.
Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15-р зүйлд зааснаар гэмт хэргийн хохирогч болсон, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, ял шийтгүүлж, албадлагын арга хэмжээ авагдсан, сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан хүүхдийг нийгэмд хэвийн амьдрахад нь тусалж, дэмжих зорилго бүхий байгууллага юм байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ