Өвчний голомттой сумын малчдад хамгийн ойр байгаа эмнэлэг үйлчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-03-21 12:56:08
Булган /МОНЦАМЭ/  Булган аймгийн эрүүл мэндийн байгууллага мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний хорио цээр тогтоосон бүс нутагт эрүүл мэндийн үйлчилгээг саадгүй хүргэж байгаа гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа мэдээллээ.
Рашаант, Гурванбулаг, Сайхан, Булган сумын төвд мал, амьтны шүлхий өвчний сэжиг илэрч хорио цээрийн дэглэмд шилжиж, хөл хорио тогтоож, голомтын гаднах багийн иргэд сумаасаа төрийн болон бусад үйлчилгээг хүртэж чадахгүй болсон юм.
-Сумын төвд шүлхий өвчин гарч хорио цээр тогтоосон эрүүл мэндийн төв голомт дотроо үйлчилгээгээ үзүүлж байгаа. Харин голомтын гадна буюу эрүүл бүст байгаа тухайн сумын иргэдэд эмч, эмнэлгийн ажилтнууд үйлчилгээг хүргэж байна. Нэн яаралтай түргэн тусламжийн дуудлагыг хамгийн ойр байгаа эрүүл мэндийн байгууллага үзүүлэхээр чиглэл өгсөн. Урд бүсийн Рашаант, Гурванбулаг сумын иргэдийг Улаанбаатар хот, хойд бүсийн Сайхан, Бугат сумын иргэдийг Орхон аймгийн бүсийн оношлогоо, эмчилгээний төвд эмчлүүлэхээр зохион байгуулж байна гэж аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдлага хэллээ.
Шүлхий өвчин гарч хорио цээрийн голомт тогтоосон Хишиг-Өндөр, Сайхан, Бугат сумын нутгаас ирсэн яаралтай тусламжийн дуудлагад зохих арга хэмжээ авсан байна. Мөн хорио цээр тогтоосон аймгийн төвөөс 200 орчим иргэд эрүүл мэндийн шалтгаанаар зохих ариутгал, халдваргүйтгэл хийлгэн нийслэлийг зорьжээ.
М.Батжаргал

Холбоотой мэдээ