Газрын гэрчилгээ давхардуулж олгодог асуудал шийдэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 12:21:23

Увс аймгийн ИТХ-ын ээлжит 10-р хуралдаан Газрын шинэтгэл, 2016 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тухай илтгэлээр үргэлжилж байна.

Илтгэлийг аймгийн ГХБХБГ-ын дарга Г.Отгонболд тавьж хэлэлцүүлж байгаа бөгөөд тус илтгэлтэй холбогдуулан хурлын төлөөлөгчид сонирхсон асуултандаа хариулт авлаа. Тухайлбал, сумдын хилийн цэсийн маргаан, Улаангомд газар олгож байгаа байдал, иргэдийн газар өмчлөл эзэмшил, малчдын өвөлжөө хаваржааны бэлчээрийн зааг зэрэг асуудлаар тодруулга авсан юм. Мөн Улаангом хотын хөгжлийн гол төлөвлөлт аль чиглэлд хийгдэж байгаа, Тоосгоны үйлдвэрийг Улаангомоос гаргах асуудал юу болсон, Аялал жуулчлалын бүсийн газрыг хаана тогтоосон, компаниудын ашиглахгүй байгаа газрыг нийтийн эзэмшилд авах асуудал ямар шатанд яваа, Тариалан, Өмнөговь сумдад байгалийн нөхөн сэргээлтийг хууль бусаар хийсэн эсэх зэрэг асуудлаар хурлын төлөөлөгчид маргаан өрнүүлж, холбогдох байгууллагуудаас хариулт авлаа.   

 “Газрын алба бол суурь судалгаа хийдэг газар. Газрын зөвшөөрөлгүй хашаа, граж, гудамжтай тэмцдэг ажилтан нь аймгийн МХГ-т ажилладаг. Манайд бол газрын даамал ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд Увс аймаг анх удаа газар төлөвлөлт, газрын зохион байгуулалтыг цахим системд нэвтрүүлсэн. Ингэснээр газрын гэрчилгээг иргэдэд давхардуулан олгох асуудал шийдэгдэж, мэдээллийн бааз бий болоод байна” хэмээн аймгийн ГХБХБГ-ын дарга Г.Отгонболд онцоллоо.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ