Халаалт хэсэгчлэн доголдвол СӨХ, Орон сууцны контор хариуцна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-11-26 12:40:02

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн зарим орон сууцны халаалт доголдож, хүйтэн байгаатай холбогдуулан “Улаанбаатар Дулааны шугам сүлжээ” ТӨХК-ийн удирдлагууд мэдээлэл хийлээ.

Ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч байгаатай холбогдуулан тус байгууллага өвлийн оргил ачааллын горимоор ажиллаж байгаа аж. Тодруулбал, Нийслэлээс энэ жил төв шугамын зуны засварыг бүрэн дуусгаж, 10 дугаар сарын 01-нд ашиглалтад бүрэн оруулсан бол 11 дүгээр  сарын 15 гэхэд бүх тохируулгууд дуусч хэвийн горимдоо шилжин ажиллаж байна

Дулааны цахилгаан станцууд сүлжээний халуун усыг 120 хэмд барин ЦТП-гүүд рүү шахаж, ЦТП нь орон сууц, үйлчилгээний барилгууд руу 65-аас дээш хэмийн халуунтай явуулж байгаа аж.

Иргэдээс тус байгууллагад орон сууц хэсэгчлэн халахгүй байгаа тухай гомдол, мэдээлэл ирүүлжээ.“Улаанбаатар Дулааны шугам сүлжээ” ТӨХК зүгээс аливаа хороолол бүхлээрээ халаалтгүй болвол манай сүлжээнд гэмтэл гарсан гэсэн үг. Харин халаалт хэсэгчлэн алдагдах нь байрны халаалтын системийн дотоод тохиргоотой холбоотой тул СӨХ, Орон сууцны контор, Хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөнд хандах хэрэгтэй гэсэн тайлбар өглөө.

Дээрх байгууллагууд байрыг жигд халаахын тулд иргэдийн дулаанд төлж байгаа мөнгөний 30 хувийг нь авдаг байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ