АТГ-аас улсад ихээхэн хохирол учруулсан хэргүүдийг шалгасан талаар мэдээлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-03-26 12:58:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ сар бүрийн 25-нд сэтгүүлчдэд мэдээлэл өгдөг уламжлалтай болсон. Энэ удаагийн мэдээллийг АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог, Хяналт шалгалт дүн шинжилгээний газрын дарга Х.Хашбаатар нар өгөв. Тэд АТГ-ын 3 дугаар сард хийсэн ажлын талаар тайлагналаа.
 Энэ үеэр  Улаанбаатар Төмөр замын дарга Р. Жигжиднямааг яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорт хүргүүлсэн гэв. Мөн АТГ-ын холбогдох албан тушаалтан “Эрдэнэт” үйлдвэрийг баталгаа болгон, Стандарт банкнаас зээл авсан “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугараас гэрчээр байцаалт авсан. Гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэх зүйл ярьж байгаа учир харьцуулах шинжилгээ хийж байгаа аж. Мөн энэ хэрэгтэй холбогдуулан, албан тушаалтнуудыг дахин дуудаж тайлбар авна” гэлээ. Элчин сайд М.Энхсайхан өнөөдөр байцаалт өгч байна. Монголд ирсэн байгаа. Тавантолгойн орд газрыг ашиглах төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан уу гэдгийг НПГ-аас шалгаж байгаа гэсэн нэмэлт мэдээллийг сэтгүүлчдийн асуултад хариулт өгөх үеэр онцлов. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс гуравдугаар сард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй нийт 86 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 40 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлт нээж, 17 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 7 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн шалгаж одоо 20 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байна. Мөн сард нийт 319 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс 21 эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар, 6 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай харьяалах прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Харин УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий компаниар зураг төсөлгүй барилга бариулж онц их хэмжээний мөнгө завшсан гэх Д.Арвин нарт холбогдох хэрэг, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан, ерөнхий ня-бо Б.Туяа нарт холбогдох улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох улсад 900 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн нарт холбогдох 1.2 тэрбум төгрөгийн орон сууц авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэг, Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар улсад 2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг, "Өсвөр үе хүнс" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Б.Наранчулуун, ерөнхий ня-бо Н.Ариунболд, менежер Б.Хулан, түгээлтийн нярав Т.Энхтуяа нар нь албан тушаалын байдлаа ашиглан 290 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг,  “Самсунг Си Энд Ти” ХХК-ийн гүйцэтгэх захирал БНСУ-ын иргэн Лий Жонг Ёл нарт  холбогдох улсад 17.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг, Зүүнбүрэн сумын газрын даамал Ч.Бат-Эрдэнэ нь бусдаас газрын төлбөр нэрийдлээр албаны эрх мэдлээ урвуулан ашиглан өөртөө давуу байдал бий болгон мөнгө завшсан зэрэг нийт 26 холбогдогчтой 24,4 тэрбум төгрөгийн хохиролуудыг шалгалтаар тогтоож прокурорт шилжүүлээд байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ