Бараа, ажил үйлчилгээ хүлээлцэх комисст мэргэжлийн хүмүүсийг оролцуулж байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-03-27 11:37:09
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-н гишүүн Н.Амарзаяа тойрогтоо ажиллах үеэрээ аймгийн удирдлага, эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай уулзаж, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. Уулзалтын үеэр  худалдан авах ажиллагаа, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, эмч ажилчдын ур чадвар, сахилга хариуцлагын талаар хэлэлцээд, хөрөнгө оруулалтыг үр дүнтэй болгохын тулд  хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэйг онцгойлон анхаарууллаа.
Энэ жилийг тус аймаг их бүтээн байгуулалтын жил болгон зарласан мөн салбарын хувьд эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлаад байгаа билээ. Иймээс хөрөнгө оруулалтууд дээр худалдан авах ажиллагааг шударга, ямар нэг асуудалгүй явуулах зорилгоор бараа ажил үйлчилгээ хүлээлцэх комисст мэргэжлийн хүмүүсийг оролцуулахыг анхааруулжээ. Тодруулбал автомашин нийлүүлж байгаа бол жолооч, механикчийг заавал байлцуулах ёстой гэсэн юм.
Мөн үүнээс гадна Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй хариуцсан улсын байцаагч нар хоорондоо нягт уялдаа холбоотой ажиллаж, ойлголцож харилцан бие биенийхээ ажлыг дэмжиж явахыг анхаарууллаа. Түүнчлэн эмч, ажилчдыг өөрсдийн сахилга хариуцлагаа өндөржүүлж, хөрөнгө оруулалтыг үр бүтээлтэй болгоход анхаарч байгаагаа аймгийн Засаг дарга Н.Наранбаатар онцоллоо. 
Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ