Д.Бэхбаяр: Өлзийт суманд дөрвөн өрхийн 30 үхрийг устгалд оруулж эхлээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-27 17:04:05
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Бүрд, Хархорин, Арвайхээр суманд малын гоц халдварт, олон улсын хөл хориот шүлхий өвчин дэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоон шаардлагатай арга хэмжээг авснаар дарагдаад байна. Тэгвэл энэ сарын 23-ны өдөр Өлзийт суманд үхэр шүлхийгээр өвчилжээ. Аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Бэхбаяртай уулзан дээрх нөхцөл байдлыг тодрууллаа.
-Өлзийт суманд малын шүлхий өвчин гарсан гэх дуудлага танай байгууллагад иржээ. Суманд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
- 3 дугаар сарын 23-ны өдөр Өлзийт сумын Агуйт багийн иргэн Л болон Б-ын үхэрт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн гэх дуудлага Онцгой байдлын газарт ирсэн. Энэ дагуу дэд хурандаа Ж.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг гарч, тухайн суманд ажиллаж байна. Өвчилсөн гэх дөрвөн үхрээс дээж авч улсын төв лабораторид явуулахад нэг үхрээс шүлхий өвчний вирус илэрсэн. Тиймээс Өлзийт суманд хөл хорио тогтоож, сумын Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байгаа. Тэнд хяналтын зургаан пост гарган ОБГ, МХГ, ЦГ, сумын ЗДТГ-аас 64 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Яг одоо дөрвөн өрхийн сэжигтэй 30 орчим малд үзлэг тандалт явуулан үхрүүдийг тусгаарлаж устгах ажил өнөөдөр эхэлсэн.
- Сумаас сум дамжиж байгаа шүлхий өвчний дэгдэлтийн шалтгааныг тодруулсан болов уу?
- Энэ өвчин хаанаас гарав гэдгийг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Гэхдээ учир шалтгааныг тогтооход хэцүү. Өвчний вирус нь хөнгөн чанарын, агаарт дэгддэг, ахуйн болон худалдааны журмаар тархах аюултай болохоор юунаас шалтгаалсныг нарийн тогтооход цаг их шаардана.
- Арвайхээр суманд удаан хугацаагаар хөл хоригдсон иргэдийн дунд бухимдал үүсээд байна. Хорио цэрийн дэглэмийг хэзээ цуцлах вэ?
- Арвайхээр суманд мал шүлхийгээр өвчилсөн нь 3 дугаар сарын 8-ны өдөр клиник шинжээрээ тогтоогдож, 9-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. “Мал, амьтны шүлхий өвчинтэй тэмцэх заавар”-ын дагуу голомтот бүсэд сүүлчийн өвчтэй мал илэрснээс хойш 28 хоног, сэжигтэй бүсэд 21 хоногийн хугацаатайгаар хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. Маргааш аймгийн Онцгой комисс хуралдаж, энэ сарын 29-нд сэжигтэй бүсийн дэглэмийг бууруулах чиглэлээр шийдвэрүүд гаргана. Хорио цээрийн дэглэмийг бууруулах болон цуцлахдаа мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэнд үндэслэн хорио цээрийн дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр цуцална.
- Ер нь Арвайхээр, Хархорин, Бүрд, Өлзийт зэрэг шүлхий өвчин илэрсэн сумдад хичнээн тооны мал, амьтан устгалд оруулаад байна вэ? Иргэдэд хохирлыг хэрхэн барагдуулах бол? Мөн аймгаас гарч буй зардлын тухайд мэдээлэл өгөхгүй юу?
- Урьдчилсан дүнгээр аймгаас 180 орчим сая төгрөгийн зардал гарчихсан байна. Дөрвөн суманд шүлхий өвчин илэрч, иргэдийн 200 гаруй мал, 94 гахайг устгалд оруулсан. Бүрд суманд 148 үхэр, Арвайхээр суманд 72 үхэр, 94 гахай, Хархорин суманд 21 үхэр, Өлзийт суманд 30 үхэр устгалд оруулах ажлыг зохион байгууллаа. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар бол иргэдийн энэ хөрөнгө, амжиргааны эх үүсвэрийн нөхөн төлбөрийг Засгийн газраас өгөх ёстой. Сая Улсын онцгой комиссоос аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэх үйл ажиллагаанд холбогдсон бүх бичиг баримтуудыг шалгаад явсан.
Нөгөө талаар Засгийн газраас малын шилжилт хөдөлгөөн, худалдаа наймаа хийхийг хориглосон шийдвэрүүдийг оны эхнээс гаргасан байдаг. Иргэд маань хууль тогтоомжуудаа мэдэхгүй, сонсоогүйгээс шалтгаалж өвчний тархалтыг нэмэгдүүлж байна. Хархорин сумын иргэн П гэхэд шүлхийн голомтноос мал худалдаж авснаас болж өвчлөл үүссэн. Өөрийн буруугаа хүлээж, улсаас нөхөн төлбөр авахгүй гэдгийг хэлсэн байгаа. Тэгэхээр эргээд иргэд ч хуулийн хариуцлага хүлээж ч мэднэ гэдгийг ойлгох хэрэгтэй.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ