Сэжигтэй бүсийн хорио цээрийн дэглэмийг маргааш цуцална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-28 14:52:37
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын сэжигтэй бүсийн хорио цээрийг 3 дугаар сарын 29-ний 01 цагаас цуцална. Үүнд сумын төв хэсэг орж байгаа бол голомтын бүс буюу 4-р багийн 36 гудамж орчмын хэсэг болон Дэлгэрэхийн 3-р багийн Түгээ овооны нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэмийг дөрөвдүгээр сарын 5-ны 24.00 цагт цуцлах аж.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/93 дугаар тушаалаар баталсан “Мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх заавар”-ын дагуу шүлхий өвчин гарсан голомтын бүсэд сүүлчийн өвчтэй мал илэрснээс хойш 28 хоног, сэжигтэй бүсэд 21 хоног хорио цээрийн дэглэм тогтоодог. Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн хөл хорио тогтоосон бөгөөд өнөөдөр 21 дэх хоног юм.
Хорио цээрийн дэглэмийг цуцалснаар худалдаа, үйлчилгээний төвүүд, шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаа эхэлнэ. Үүнтэй холбогдуулж, шатах тосох материалаар хангаж байсан “Петровис” ШТС-ын борлуулалтыг ОБГ-аас өгсөн зөвшөөрлийн бичигтэй тулгах, бичиггүйгээр бензин, шатахуунаар хангасан байвал хариуцлага хүлээлгэх, бусад шатахуун түгээх станцуудын лац, ломбыг шалгах үүргийг аймгийн Засаг дарга Г.Ганболд Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгов. Энэ нь “Хувь хүмүүс бензин, шатахуун зарж байна.  Зөвшөөрлийн бичиггүйгээр бензин олгож байна” гэсэн иргэдийн гомдолтой холбоотой юм.
Мөн голомтын бүсэд байгаа айл өрхүүдэд хүнсний тусламж үзүүлэх, тухайн бүсэд хоригдсоноос болж банкны зээлээ, бизнесийн цэгийн түрээсээ өгч чадахгүй байгаа иргэдийн уг асуудлыг бодлогоор зохицуулах, зайлшгүй хичээл сургууль, ажилдаа явах шаардлагатай хүмүүсийг ариутгал хийн бүсээс гаргах зэрэг шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргажээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ