Төрийн албан хаагч зургаан настай охиныг хүчирхийлэхийг завджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-28 23:07:58
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Богд суманд төрийн албан хаагч хүн зургаан настай хүүхдийг хүчирхийлэхийг завдсан хэрэг гарлаа. Сумын иргэдийн хэлж буйгаар сэжигтэн согтуу байсан бөгөөд ажлын өрөөндөө охиныг дагуулан орж, хүчирхийлэхийг завджээ. Харин охин зугатаж гарсан байна. Охиныг эмчийн үзлэг, оношилгоогоор оруулсан бөгөөд гомдол, мэдээллийг аймгийн Цагдаагийн газарт мөрдөн шалгаж байгаа юм.
Мөн он гарсаар Арвайхээр, Хайрхандулаан суманд бага насны хоёр охин бэлгийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэгт өртсөн бөгөөд нэг охин нь одоогоор Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хамгаалах байранд түр амьдарч байна. Хүчирхийлэхийг завдагчид нь ихэвчлэн аав, ах, ураг садны хүмүүс байдгийг албаныхан хэлж байлаа.
Аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч, цагдаагийн ахмад Г.Уранбатаас тодруулахад Хүчиндэх гэмт хэргийн шинжтэй дээрх үйлдлүүдийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гэм буруутайг шүүхээс тогтооно” гэв. Хүчингийн хэрэгт өртсөн бага насны болон өсвөр насны охидууд нь өөрийгөө гэмт хэргийн хохирогч болж байна гэдгээ мэддэггүй учраас тэдэнд ойлголт өгөх, биеэ хамгаалах мэдлэг олгох зорилгоор “Охидын шивнээ” сэдэвт үйл ажиллагааг Цагдаагийн газраас Насан туршийн боловсролын төвтэй хамтран зохион байгуулж, эхний ээлжинд сургуулийн сурагчдыг хамруулаад байгаа аж.
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ж.Энх-Амар дээрх үйл явдалтай холбогдуулан хэлэхдээ “Өмгөөлөгчдийн холбоотой хамтарч, охидыг бэлгийн хүчирхийлэлд ямар нэг байдлаар өртөх тохиолдол бүрт өмгөөллийн асуудлыг үнэ төлбөргүй, сайн дураар хийж байхаар болсон. Хүчингийн болон хүчирхийлэхийг завдсан зарим нэг тохиолдолд амьдралын шаардлагаар юмуу, ах дүүс хамаатан садныхаа дарамтаас болж хохироод үлдэх тал байдаг. Одоо бол ийм төрлийн хэрэгт ял завших боломжийг олгохгүйгээр өмгөөлөх болно” гэв.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ