“Гүүд нэйборс” байгууллага Дархан-Уул аймагт “Мангирт” төсөл хэрэгжүүлнэ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2018-03-29 22:06:28
Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Гүүд нэйборс” олон улсын ТББ 2006 оноос эхлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж Улаанбаатар хотод төсөл хэлбэрээр хүүхэд хамгаалал, боловсролын чиглэлээр ажиллаж иржээ. Харин хөдөө орон нутгаас анх удаа Дархан-Уул аймгийг сонгож хамтран ажиллах гэрээг аймгийн Засаг даргын тамгын газрын хүндэтгэлийн танхимд байгууллаа.

Ингэснээр тус гэрээний хүрээнд Дархан сумын 5, 6, 15-р багт Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт /ХИТХ/ суурилан явагдах “Мангирт” орон нутгийн хөгжлийн урт хугацааны төсөл, хөтөлбөр хэрэгжих юм.

Төсөл, хөтөлбөр хэрэгжсэнээр өрхийн орлого нэмэгдэж, хүүхэд хамгааллын асуудал сайжирч, боловсролын хүртээмж нэмэгдэж, эрүүл, сайн сайхан амьдрах нөхцөлөөр хангагдах, баталгаат ундны ус, сайжруулсан ариун цэврийн байгууламжаар тогтвортой хангагдаж, орчны эрүүл ахуйн нөхцөл сайжирч, иргэдэд үр шимээ өгсөн үр дүнтэй ажил болно гэж талууд үзэж байгаа ажээ. Энэхүү гэрээ нь 5 жилийн хугацаатай хэрэгжих юм. Гэрээ бүрэн хэрэгжиж дууссаны дараа үнэлгээний баг ажиллаж төслийн зорилгод нийцсэн гэж үзвэл дахин 5 жил сунгах боломжтой аж.

Дашрамд дэлхийн 37 оронтой хамтран ажилладаг "Гүүд нэйборс" олон улсын ТББ нь байгуулагдаад 27 жил болж байгаа ажээ. Тус байгууллага нь хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол улстай 12 дахь жилдээ хамтран ажиллаж хүүхэд залуус руу чиглэсэн ажлыг явуулж байна.

2017 оны байдлаар Дархан-Уул аймаг нь 104 мянга гаруй хүн амтай үүний 62,5 хувийг хүүхэд залуучууд эзэлж байна.
 
Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ