“Улсын тэргүүний сум” шалгаруулах баруун бүсийн зөвлөлийнхөн Төгрөг суманд ажиллалаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-04-02 11:42:35
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Улсын тэргүүний сум шалгаруулах баруун бүсийн зөвлөлийн ажлын хэсэг Говь-Алтай аймгийн Төгрөг суманд энэ сарын нэгний өдөр ажиллалаа.

Ажлын хэсэг Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор баталсан “Улсын тэргүүний сум шалгаруулах болзол”-ын 19 шалгуур үзүүлэлтээр сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтүүдийн дагуу сумын ИТХ, ЗДТГ, албан байгууллагууд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт, сумын хэмжээнд хийгдсэн бүтээн байгуулалтад үнэлгээ хийсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын тэргүүний сум шалгаруулах” болзлын дагуу хоёр жил тутамд бүс бүрээс нэг сум шалгаруулдаг билээ. Энэхүү уламжлалын дагуу Говь-Aлтай аймгийн Төгрөг сум нь “Улсын тэргүүний /Загвар/ сум шалгаруулах” Засгийн Газрын тогтоолд зааснаар холбогдох материалаа баруун бүсийн зөвлөлд хүргүүлсэн юм.
 
Монгол Алтайн нурууны сав газар Алтайн нуруу, их нууруудын хотгорын заагт орших Говь-Алтай аймгийн Төгрөг сум нь 534328 га талбай бүхий нутаг дэвсгэртэй. Хүрэн гол, Төгрөгийн эх, Мааньт, Цагаан хайрхан, Тунгалаг гэсэн таван багийн нийт 567 өрх, 2054 хүн амтай ба Төхөм тунгалагийн хүрэн үүлдрийн тэмээг өсгөн үржүүлж буйгаараа онцлогтой билээ.
Баруун бүсийн зөвлөлийн ажлын хэсгийн даргаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд, гишүүдээр Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-эрдэнэ, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Батжаргал, Завхан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга О.Энхбат, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Тилеген тэргүүтэй 25 хүний бүрэлдэхүүнтэй холбогдох мэргэжилтнүүдийн ажиллаж байна. 
Тухайн сумдын ажлыг газар дээр нь шалгаж, дүгнэх зорилгоор Улсын тэргүүний сум шалгаруулах ажлын хэсгийнхэн 03 дугаар сарын 27-ны өдрөөс 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх Говь-Алтай аймгийн Төгрөг, Ховд аймгийн Булган, Увс аймгийн Бөхмөрөн, Завхан аймгийн Тосонцэнгэл, Баян-Өлгий аймгийн Толбо сумд ажиллаж, 2018 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт шилдэг сумыг шалгаруулах юм байна.
 
Э.Нарангэрэл 
 
Холбоотой мэдээ