ДУУССАН БОЛ ДАХИАД ЭХЭЛЬЕ

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2018-04-02 18:04:41

БЯЦХАН ОРШИЛ

Энэ дэлхий ертөнц дээр хэн л бурхантай гар зөрүүлж, бүр ч болоогүй бурханыг хөнөөж зүрхлэх билээ. Зөвхөн сэтгэгчид, философичид хэмээн өөрсдийгөө өргөмжилсөн тэрслэгчид л ингэж чадна. 

“Цаг хугацаа хэлнэ” /уран зохиолын эсээ/ номыг зохиогч У.Баямбаням нэгэнтээ ийн бичсэн нь бий. Харин тэр хэлж бичсэн бүрээсээ тэс өөр, нэг тийм тайван дөлгөөн зан чанарыг өөртөө хадгалж үлдээд тэндээ гацчихсан мэт дуугүй, чимээгүй нэгэн шиг санагддаг. Оюутан ахуйн ширээнээс л гар барьж танилцан ганц нэгэн удаа лекцэнд нь сууж, үг дуулж, анхны шүлгийн “Анир гүм” түүврийг нь дурсгалын үгтэй авч байсан мөчүүд саяхан ч гэлээ тэртээ холын мэт бодогдоно.

Түүнээс хойш хаа нэгхэн таарах үедээ голцуу л шинэ ном, шинэхэн уран бүтээлийн талаар яриа өрнүүлнэ. Харин нэг удаад “Ганц уншсаны дараа дахин унших бодол толгойд орж ирэхгүй л бол тэр ном муу бүтээл шиг санагддаг” гэж хэлснийг нь уулзаад салсны хойно бодон бодон алхаж билээ. Тиймдээ ч Бямбаа ахын ном дахин дахин унших хүсэл өдөөсөн бүтээл болж уншигчдад хүрнэ гэдэгт огтхон ч эргэлзээгүй юм. Тэрхүү номын талаар бид одоо ярилцах гэж байна шүү дээ.

“Цаг хугацаа хэлнэ” ном дотроо 5 бүлэгтэй. Бүлэг бүр Уншихуй, Оршихуй, Мэдрэхүй, Нээхүй, Санахуй гэсэн нэртэй. Тухайн зохиолыг эхлээд унших, дараа нь оршихуйгаа тодорхойлох, бүтээлийг мэдрэх, өөр шинийг нээх, эцэст нь үл мартах гэсэн утгаар бүлэг тус бүрийг зангидсан санагдана.

Энд бидний мэдэх Г.Аюурзана, Д.Урианхай, Л.Өлзийтөгс, С.Эрдэнэ, Д.Нацагдорж, Д.Батбаяр, С.Анударь, Д.Норов, Б.Галсансүхээс авахуулаад төдийлөн ойшоож уншдаггүй, цаг хугацааны буулганд бүдгэрчих гээд буй ч уран бүтээл нь улам л үнэ цэнтэй болж буй Гүр.Нямдорж, П.Лувсанцэрэн, П.Баярсайхан, Б.Одгэрэл, Т.Содномнамжил хүртэл бий. Мөнхүү бидний сайн таних Антон Чехов, Чингиз Айтматов, Эдогава Рампо, Фёдор Достоевский, Мо Ян  болон бидний төдийлөн мэдэхгүй Итало Калвино, Жозе Сарамаго, Жумпа Лахири, Ян Лианкэ, Зэди Смит нар ч багтсан. Гэхдээ тэдний уран бүтээл МУЗ хийгээд хүн төрөлхтний уран зохиол, хэл сэтгэлгээ, урлагийн томоохон урсгал чиглэлүүдийг төлөөлж чадахуйц учир “Цаг хугацаа хэлнэ” номын зохиогчийн шалгуурт нийцсэн биз ээ.

УНШИГЧИЙН ЦАГ

Эхний бүлэгт улс үндэстнийхээ түүхийг уран зохиолоор дамжуулан илэрхийлж, хүн төрөлхтний зүй бус араншинг бараан егөөдлөөр гайхалтай хурц дүрсэлдэг оюуны томоохон сэхээтнүүдийг багтаасан буй. Зохиолч хүн хэзээд өөрийн улс үндэстэн, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэгтэй байдаг аж. Г.Аюурзана, Салман Рушди, Амос Оз, Рэй Брэдбери нарын романууд, Д.Норов, До.Цэнджав, П.Баярсайханы өгүүллэгүүд хэзээд үндэстний төлөөх зохиолчийн эмзэглэлийг дотроо нууцлан хадгалсан байдаг. Үүнийг уншигч олж хараад нэгэн бүлэгт зангидан бичлэгийн шинэ өнгө аясаар туурвисан нь тун сонирхолтой хийгээд уншууртай болжээ.

“Тэр нэгэнтээ "Уран зохиолыг хэлээр бүтээдэг. Хэл тухайн ард түмнийхээ ижилсэл, нэгдлийг илэрхийлдэг. Би жишээ нь Грекийн соёл иргэншлийг ярилаа гэхэд Хомер, Германы ижилслийг ярихад Мартин Лютерийн Библийн орчуулгыг, Оросыг яривал Пушкиныг, Индианчуудын соёл иргэншлийг ярилаа гэхэд домог зүйг нь дурдахгүй байхын аргагүй" гэсэн байдаг. Тэгвэл Италийн уран зохиолын өвийг Умберто Эко гэх эрхэмгүйгээр төсөөлшгүй...” / “Цаг хугацаа хэлнэ” | "Цаг хугацааны жин"/



Ерөөс улс үндэстэн оршихуйн гол хөшүүрэг нь энэ аж. Жишээ нь бид дан англи хэлээр ярьж, мэндэлдэг болчихвол Америкийн нэг мужаас ялгаагүй болно. Вьетнамчууд бүгд Хятадаар яриад эхэлвэл мөн тэр улс ч үгүй болно шүү дээ. Тиймээс аливаа орны ямар ч гайхалтай уран зохиол, урлаг соёлтой танилцаж, түүх, ёс уламжлалыг нь судалж мэдэхийн тулд эхлээд эх хэл дээрх уран тансаг бүтээлүүдийг унших хэрэгтэй болж байна. Булгаков, Достоевский нарт өөрийн гэсэн эд хөрөнгө үгүй боловч тэдэнд гайхалтай сайхан орос хэл нь байж. Тэд үүгээрээ ёстой нэг гайхуулах шиг бичсэнийг олон томоохон судлаачид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг билээ. Магадгүй метафизик зохиолчид ирээдүйд бичсэн бүхнийг нь үнэлэх, хүмүүс уншаад юу гэж бодох бол гэсэн зовнилгүйгээр туурвилаа эхлүүлдэг байсан болов уу. Харин “Цаг хугацаа хэлнэ” номын “уншихуй” бүлэгт багтсан зохиолчид өөр үзэл санаатай байсан байж мэднэ. Жишээ нь МУЗ-ын томоохон төлөөлөгч Г.Аюурзаныг л аваад үзэхэд түүний “Тэнгэрийн судар” хэмээх “Монголын нууц товчоо”-ны цохолборууд нь зохиолч болох хүсэлтэй ирээдүй хойчид тун их хамааралтай бүрэн хэмжээний баримтат бүтээл билээ.

Уран зохиолыг уншихгүй бол... гэсэн асуулт хамгийн түрүүнд бидэнтэй нүүр тулдаг байж мэдэх юм. Харин дараа нь уран зохиолыг ойлгосон эсэх талаарх мэтгэлцээн өрнөдөг. Ном соёлын сүүлийн хэдэн жилд нь өргөжиж, томоохон хэвлэлийн газрууд хоорондоо уралдан чанар сайтай бүтээлүүд зах зээлд нийлүүлэхээр редакцийн баг хүртэл бий болгож ажиллах болсон. Яг энэ үед өөр хэрэгтэй зөв номыг, хүн төрөлхтний оюун санааны цар хүрээг тодорхойлсон бүтээлийг олж унших томоохон шаардлага гарч байна. Сонгодог зохиол бүр сонгодог байж чадах уу? Ер нь юу зохиолыг сонгодог болгодог вэ? Үзэл санаа, бичлэгийн хэлбэр, өгүүлэгдэж буй зүйлс, сэдэв. Энэ бүхний яг аль нь таны оюун санаанд нийцэж байна вэ гэдгийг тунгаан бодох шаардлагатай.

“Уншихуй” бүлэгт багтсан “Сэтгэл хэмээх эрхтэн” эсээнд П.Баярсайхан зохиолчийн талаар өгүүлжээ. Уншигчийн сэтгэлд шууд л Б.Галсансүхийн шүлэг санаанд буух нь тодорхой. Гэтэл зохиолч маань “Гэрэл гэгээ хүснэ” тууждаа яруу найрагчаас өмнө сэтгэл гэдэг эрхтний тухай өгүүлсэн байдаг ажгуу. Магад энэ жаахан өгүүлэмж л жинхэнэ уншигчийг надад нээж, тодорхойлж өгөх шиг санагдсан.

“Гудамжинд дайрахаа шахаад өнгөрсөн том хар нохой бол бодол санаандаа цэгцэлж чадахгүй цээжиндээ хуралдуулсан түмэн бодлынх нь, авсан дотроос өөр лүү нь харсан хүүхэн энэ амьдралд өөрөөр амьдарч байна уу эсвэл үгүй юу гэдгийг, тэнэмэл жаал хагас өнчин өссөн балчир насыг нь, удирдагчийн оршуулга Төмөрийн амьдарч буй цаг үеийг, морин тэрэгтэй өвгөн эрээлэхийг мэдэхгүй аминч үзлийг гээд Төмөртэй таарсан бүхэн өөрийнх нь бодлоос урган гарсан дүрүүд”. /“Цаг хугацаа хэлнэ” | “Сэтгэл гэдэг эрхтэн”/

Уншигч болоод судлаач зохиолын бүтцийг судалж, бичлэгийн хэлбэрийг нь аливаа нэг төрөл зүйлд хамаатуулан авч үзэхийн тулд хөдлөшгүй баримт нотолгоог ашигладаг. Харин уран зохиолын эсээний бичлэгийн хэв загвар нь ерөөс өөрийн зохиолыг үзэх үзэлтэй шууд хамааралтай санагддаг минь тийм ч буруу зүйл биш гэдгийг дээрх жишээ батлав. Мэдээж П.Баярсайханы “Нохойн хэвтэр” туужид уншигч бүр өөр гаргалгааг хийж болох ч гэлээ Төмөрийн дотроос урган гарсан дүрүүдэд хийсэн дээрх ажиглалт, өгсөн тодорхойлолт нь сэтгэлд яв цав нийцэж байна.

“Өлөн зэлмүүний дуу хоолой” эсээнд Мо Яны бага насны хүнд өдрүүд хожмын их бичээчийн уран бүтээлд хэрхэн зохирсон талаар болоод Итало Калвиногийн “Хэрвээ өвлийн шөнө аянчин” хэмээх зохиолчийн шууд оролцоотой, толгой эргэм үйл явдал бүхий романыг маш ойлгомжтой, энгийнээр тайлбарлаж “Урвалт хэмээх мөнхийн сэдэв” эсээндээ Израйлийн зохиолч Амос Озын “Эцэг нь 16 хэлээр уншдаг, ээж нь 5 хэлээр ярьж 7 хэлээр ойлгодог” хүн байсныг ч алдагдуулалгүй дурджээ.

ЗОХИОЛЧИД ҮЛ ХАМААРАХ ЗОХИОЛЫН ОРШИХУЙ

“С.Анударь фанк байсан, философи судалсан, хиппи амьдралтай гэх мэт ер падгүй. Ер нь зохиолчийн тухай сэтгэгдлээ бүрэн орхиод зөвхөн зохиолтой нүүр тулж чаддаг хүнийг л жинхэнэ уншигч гэвэл зохино”. /“Цаг хугацаа хэлнэ” | “Огиудсын дараах таталбар”/

Зохиолч, философич С.Анударийн тухай ингээд л хэлчихэд бараг гүйцэх мэт. Тэгээд л түүний үзэл санаа, сонсдог фанк дуунууд, хиппи амьдралын талаар судалж, яриа өрнүүлж болох. Харин бусад нь зөвхөн “4 биш 4” номын тухай байх ёстой юм. Яг л номын хоёрдугаар бүлэгт Гүр.Нямдорж, Патрик Зюскинд, Хан Кан, Достоевский, Кундера нарын талаарх эсээнд тэндий намтраас илүүтэй зохиолынх нь тухай голчлон өгүүлсэнтэй адилхан.

Достоевскийн Сибирь лүү цөлөгдсөн түүх, шоронгийн өрөөний орон дээрх “Шинэ гэрээ”, найз нөхөддөө хандсан захидлууд юуны учир “43 дугаар” хүн эсээг бүтээхэд чухал оролцоотой байв. Мэдээж өнөөх л нүсэр зузаан романуудын ээдрээг тайлж, гүнд нь орших хаалгыг онгойлгоход хэрэгтэй түлхүүр мөнийг уншигч анзаараад харчихсан хэрэг л дээ. Магадгүй Европын уран зохиолд Достоевскийг бодлогын чанартай уншуулж, түүний зарим талаараа хэт нуршуу романуудыг Толстойнхоос илүүд үздэг байж болох ч экзистенциалистаас тусгаарлахад хүнд учир тэнүүлч аж төрөхүнй тухай бус бүтээлийнх нь тухай л хуучлах хэрэгтэйг номын зохиогч бидэнд давтан давтан сануулдаг.



Энэхүү бүлэгт орсон зохиолчид оршихуйнхаа хувьд төвөгтэй намтартай байсан учир эл бүлэгт багтсан уу гэвэл тун муухан тодорхойлолт болно. Мэдээж зохиол бүтээл нь хүний оршихуйн асуудлыг хөндөж чадсанд учир буй юм. Абэ Кобогийн “Элсний хүүхэн”, Зюскиндийн “Сүрчиг: Нэгэн алуурчны түүх”, Кундерагийн “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй”, Айтмавотын “Цаазын тавцан”, Хан Каны “Цагаан хоолтон” гээд хэл соёл, ёс заншлын хувьд тэс өөр эдгээр зохиолчдын уран бүтээлийн цөм дэхь өгүүлэмж, зохиолдоо гаргаж тавьсан хамгийн том сэдэв нь “оршихуй” байв. Харин яг юу өгүүлснийг номоос үзсэн нь уншчигдад илүү хүртээлтэй буй.

СЭТГЭЛД ОЙРХОН ДУУЧИД

Номын “Мэдрэхүй” хэмээх гуравдугаар бүлэгт зөвхөн Монголын яруу найрагчид багтжээ. Нэрлэхэд тийм ч олон биш. Д.Урианхай, Б.Одгэрэл, Б.Галсансүх, Т.Содномнамжил, Г.Бадамсамбуу, Л.Өлзийтөгс. МУЗ-ын яруу найргийн томоохон төлөөлөгчид, “жинхэнэ найрагч” гэж хэлүүлэх гавьяатай уран бүтээлчид. Нөгөөтэйгүүр сэтгэлд ойрхон байдаг найргийн дуучид.

Л.Өлзийтөгсийн тухай “Энэ миний Сапфо” эсээг бичихийн тулд Нийтийн тооллын өмнө VII-VI зууны үеийн Грекийн найрагч Сапфо болон Юань гүрний сүүл үеийн яруу найрагч гүн Агайг дурсан санав. Дээр нь уран бүтээлчийн золгүй тавилангийн өмнө өөрсдийгөө хүлж өгөөд аж төрөхүйн оролцоонд гар дүрэхээ больчихсон Эмили Дикинсоныг ч мартсангүй. Тэгээд “Лесбосын Сапфо, Эмили, уянгалаг Агай гүнж, Лувсандоржийн Өлзийтөгс. Угаасаа л үл ойлгогдох эмэгтэйчүүдийн ертөнцийг улам ч ойлгомжгүй болгосон бүсгүйчүүд. Бас хамгийн ойлгомжтойгоор тайлж өгсөн сахиусан тэнгэрс” гэжээ.

“Миний хамгийн дуртай ном “Ганцаардлын дасгал”. Үнэхээр хүн ганцаардахын тулд дасгал хийдэг болов уу гэсэн этгээд бодол энэ номтой таарсны дараа төрсөн. Үнэхээр хүнд ганцаардах дасгал хэрэгтэйсэн бол тэр нь яруу найраг байх.” /“Цаг хугацаа хэлнэ” | “Энэ миний Сапфо”/

Ганцхан номынхоо нэрээр яруу найраг гээч зүйлийг бүхэлд нь тодорхойлж болохуйц хэмжээнд хүргэснийг зохиогч олж харчихаад дээрх өгүүлбэрүүдийг бийрлэсэн буй.

“Эх хэлнийхээ яруу сайхныг уламжлан аваад түүнээ Дорнын яруу найргийн хэлбэрт дулдуйдах бус шинээр, бүр энгийнээр нээн урласан нь Т.Содномнамжилын үнэт зүйл”. /“Цаг хугацаа хэлнэ” | “Лам шувууны улирал”/

Жинхэнэ яруу найрагчид өгөх тодорхойлолт гэж байдаггүй гэх “жинхэнэ найрагч” хэмээх нэрийг өөртөө зүүлгэгсэд олон. Харин жинхэнэ найрагчид уншигч тодорхой дүгнэлт хийж, өөрийн зүгээс үнэт зүйлсийг нь нээж таниулдаг байна. “Сэтгэлийн гүн рүү дэвэгч” эсээг уншсан хэн боловч Г.Бадамсамбууг зөвхөн аялалын цагийн хөтлөгч төдийхөн бусыг мэднэ. Б.Одгэрэл өөрөө хамаагүй, хуудсан дээрх үгс, шүлгүүд нь төлөөлж чадах тийм ариухны тухай, Д.Урианхайн “Бясалгагч үгсийн сууринд” гэх жинхэнэ найргийн тухай яриа мөн уншигчийн ололт, өөрийн оршихуйг мэдрэхүй юм. Сэтгэлд ойрхон байдаг найрагч дуучдын тухай бус цаасан бийрлэгдсэн үгс, шүлгийн тухай л энд өгүүлсэн буй.

ШИНЭ ЕРТӨНЦИЙН ҮҮДЭЭР

Хэд хоногийн өмнө Ямайк, Английн зохиолч Зэди Смитийн “Swing Time” романыг олзуурхан олж авсан юм л даа. Харин өдгөө Ямайкийг уран зохиолд бүрнээ төлөөлж буй хүчирхэг нэгэн эмэгтэйн дуу хоолой болсон зохиолчийн талаар номын 4 буюу “Нээхүй” бүлэгээс олж уншаад ихэд олзуурхав. Зэди Смитийн тухай эсээний нэрийг уг номд мөн оноосон байна.

1920-иод оны эхэн үе ба бүхнийг өөрчилсөн тэр жилүүд. Уран зохиол үргэлжийн хуй салхитай байна гэж үгүй л дээ. Гэтэл одоо ч гэсэн бүгд өөрчлөгдсөөр л байна. Үүнийг “Нээхүй” бүлэгт дурдагдсан зохиолчдын тухай өгүүлэх эсээнүүдээс харж болно.

Энэ бүлэгт л Г.Аюурзаны “Дэлхийн сонгомол өгүүллэг” номоос “Otravida, otravez” өгүүллэгийг нь уншчихаад алдчихсан Хунот Диазын тухай өөртөө нээв. “Өвчин зовиурын хэлмэрч” түүврийг уншиж асан Энэтхэг гаралтай Америк зохиолч Лахири, мөн уншигчийн хувьд нэр сонсохоос хэтрээгүй Жозе Сарамаго, Максвилл Күтси, Ян Лианкэ, Казүо Ишигүро нар энэ бүлэгт багтжээ. Тэдний голлох зохиол бүтээлийн өгүүлэмж, үнэ цэнийг тодорхойлж, үйл явдлыг нь ойлгомжтой, товч өгүүлсэн учир өөрийн гэсэн үнэлэмж, зохиолын талаарх тодорхой мэдлэгийг бичвэр бүрээс ухаж, төнхөөд авчихаж болно.



Хамгийн сүүлд Нобелийн шагналын эзэн болсон Казүо Ишигүрогийн тухай | “Тайтгарал үгүй”, “Өнчин нялх ахуйд минь”, “Намайг битгий явуулаач” бүгд л англи соёлын гүн хавцал дундаас Дорнын хүний дуу хоолойгоор дуулсан, миний эхэнд ярьсан шиг өрнөдийн гүнээс дорнын нарийн, сэтгэл гижигдэм дүрслэлээр бичиж эхэлсэн бүтүүлүүд| гэж тодорхойлжээ. /“Цаг хугацаа хэлнэ” | “Хөвж буй ертөнцийн хүн”/

Мэдээж бид өөрсдийн мэдлэг, оюуны цар хүрээг дээшлүүлэх гэж нийгмийн асар хурдацтай хөгжилтэй өдөр бүр уралдаж буй. Харин хэнийг уншихаа мэдэхгүй өнгө өнгийн хавтастай номуудын дунд гацчих нь бий. Яг одоогоор бүтээл нь олон улсад алдаршиж, сэтгэхүйн цар хүрээгээр улс орноо төлөөлж буй тэдгээр хүмүүсийг шилж “Нээхүй” бүлэгт багтаасан байна. Уран зохиолыг үндэстний хэмжээнд л үзэж, магадгүй Верн, Артур Конан Дойл, Толстой, Достоевский, Шелдон нараар дэлхийн уран зохиолыг төлөөлүүлчихдэг уншигчид нь монголд олон буй. Магадгүй хэтэрхий хиймэл, гутранги мэт сонсогдож болох ч бодит хандлага үнэн байдал нь энэ. Тиймээс шинэ ертөнцийн үүдээр зочлоход гэмгүй.

БҮДГЭРЭХ ЖАМГҮЙ ОДИССЕЙНУУДЫГ САНАХУЙ

“Цаг хугацаа” хэлнэ номын хамгийн сүүлийн бүлэг. “Санахуй” хэмээх уг бүлгийг дурсахуй ч гэчихсэн болмоор санагдана. Гэлээ ч дурсах, санах хоёр үгийн учиг өөр биз ээ. Д.Нацагдорж, Ч.Лодойдамба, С.Эрдэнэ, Дарма Батбаяр, П.Лувсанцэрэн гээд МУЗ-ийн хүүрнэл зохиолын гигантууд басхүү яруу найрагч Ц.Доржсэмбэ нарын тухай эсээ багтжээ.

Д.Нацагдоржийн тухай “Холхи цагийн од” хэмээсэн эсээгээр эхэлж Ч.Лодойдамбын бүтээлийн тухай өгүүлсэн “Тэлж татсан солонго” эсээ номын төгсгөлийг гэрэлтүүлсээр... Хоёулаа л сансарт буй, хүний сэтгэлийн гэгээн чанарыг тээж уран зохиолд дүрслэгддэг эрхэс. Тиймдээ ч одод шиг гялалзаж, солонго шиг бишрүүлж явсан, яваа олон эрхмүүд, бүдгэрэх жамгүй Одиссейнууд уг номын хуудас бүрт инээмсэглэж зогсоно.

“Уран зохиолын хөгжил орчин үед шүтэж, монгол хүүрнэл зохиолын өнөөгийн өнгө шилдэг борлуулалтаар хэмжигдэж буй энэ цагт бид үндэстний уран зохиолын өв сангаа эргүүлж харах хэрэгтэй гэсэн аминчхан бодлоор энэ мэтийг бичиж байгаа билээ”. /“Цаг хугацаа хэлнэ” | “Тэмтрэгдэх гашуун”/

Хэн нэгний ширээнд үргэлж залагдах ганц номыг бүтээхийн тулд хэчнээн мянган ном уншдаг бол гэсэн бодол тархинд орно. Арван жилд уншиж байсан С.Эрдэнийн “Наран тогоруу” өгүүллэгийг оюутны ширээн дээр дахин нэг дэлгэж харахуйд хэчнээн их өөр санагдаж байлаа.  Тиймээс өмнө нь зүгээр л гүйлгээд өнгөрчихсөн зохиолыг дахин эргэж харахад, гүйлгэх бус өгүүлбэр бүрийг нь тогтож унших хүсэл эрмэлзлэлийг өдөөхөд энэ ном тус болно гэдэгт итгэнэм.

“Цаг хугацаа хэлнэ” номыг тэгээс нь эхэлж уншив. 301 хуудсан дээр төгсгөж цэг тавилаа. Тэгээд өөртөө ингэж хэлэв. “Дууссан бол дахиад эхэлье”.
 
Тоймч Б.Алтанхуяг
 

Холбоотой мэдээ