Судалгаанд оролцогчдын 66 хувь хэрэгцээт мэдээллээ авч чаддаггүй гэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-11-27 11:12:43

 Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийг иргэд мэдэхгүй, хэрэгцээтэй мэдээллээ авч чадахгүй байгааг төрийн бус байгууллагын судалгаагаар тодорхойлжээ.

Төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдлыг тодорхойлох судалгааг Дундговь аймгийн “ Говийн хөгжил- Наран” Төрийн бус байгууллага хийсэн бөгөөд судалгаанд хоёр зуу гаруй хүн хамрагдаж, мэдээллийн ил тод байдал хэрэгжиж байгаа эсэх, мэдээллийн чанар хүртээмжийн талаар санал бодлоо илэрхийлсэн байна. Судалгаанд оролцогчдын 46 хувь  мэдээллийн ил тод байдлыг сайжруулах шаардлагатай буюу тааруу, 40 хувь нь дунд зэрэг гэж үнэлжээ.

 Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийг судалгаанд оролцсон иргэдийн  62 хувь мэдэхгүй гэж хариулсан бол  судалгаанд оролцсон төрийн албан хаагчдын 63 хувь нь хуулийг мэднэ гэж хариулжээ. Гэхдээ  тэдний 24 хувь нь бүрэн дүүрэн, 10 хувь нь зарим талаараа мэддэг гэсэн байна.

Нийт дүнгээр авч үзвэл судалгаанд оролцогчдын 34 хувь дээрхи хуулийг ямар нэг хэмжээгээр мэддэг, харин 66 хувь мэдэхгүй байна гэсэн дүгнэлтийг судалгаа авсан байгууллага хийсэн байна.

Төрийн байгууллагуудын хувьд мэдээллийг цаг тухайд нь хүргэж байгаа гэдэг боловч судалгаанд оролцогчдын 66 хувь хэрэгцээт мэдээллээ авч чаддаггүй, мэдээлэл шаардлага хангадаггүй, 13 хувь нь мэдээллээ хаанаас авахаа мэддэггүй гэжээ.

Дундговь аймгийн төрийн байгууллагууд цахим сайттай боловч мэдээллийн шинэчлэл, шуурхай байдал хангагддаггүй, аймгийн сонин уншигчдын тоо бага, мэдээлэл нь цаг хугацаа хэт оройтож гардаг, шинээр байгуулсан “Дундговь” телевизийг өрх бүр үзэх боломжгүй, Засаг даргын 21 хоногийн уулзалт тогтмолжоогүй, Иргэний танхимыг зүй ёсоор нь ажиллуулдаггүй зэргээр мэдээлэл авах сувгууд хязгаарлагдмал байгааг хэлжээ.

Дундговь Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ