Говь-Алтайн өмнөд хэсгээр энэ сард ахиу хур тунадас орох төлөвтэй байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-04-04 13:04:04
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Дөрөвдүгээр сард Говь-Алтай аймгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байх ба агаарын дундаж температур нутгийн өмнөд хэсгээр 7-11 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан буюу нийт нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-2.0 градусаар дулаан байна. 
Энэ сарын нэгдүгээр арав хоногийн эхний хагас, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг хүйтэрч Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Харин нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр харьцангуй дулаарч Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна. Бусад хугацаанд, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байх ажээ.
Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 14-16м/с, Алтайн уулархаг нутгаар зарим үед 20-24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурахыг малчид, тээвэрчид, ард иргэдэд Говь-Алтай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас онцгойлон анхааруулав.
Тус аймагт дөрөвдүгээр сарын 1-ний өдөр энэ жилийн анхны бороо орсон ба цаашид нэгдүгээр арав хоногийн эхэн болон эцсээр нутгийн хойд хэсгээр, нэг, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.
Говь-Алтай аймгийн цаг агаарын өнөөгийн төлөв байдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын хамгийн их температур Шаргад 27 градус, Баянтооройд 26, Бигэрт 24 градус дулаан байсан бол хамгийн бага температур Төгрөгт -9, Эрдэнэ, Дэлгэр сумуудад -8 градус хүрч хүйтэрсэн байна. Харин салхи шуурганы хувьд Алтайд 21 м/с, Шаргад 20 м/с, Баянтоорой тосгонд 19 м/с, Бугатад 18 м/с, бусад нутгаар 12-16 м/с хүрч шороон шуурга шуурч, ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай байсан ба салхитай өдрийн тоо  дунджаар 10 өдөр байжээ.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ