Бэлчээр, уст цэг, өвөлжөө, хаваржааны бууцыг цэвэрлэж, ариутгана

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-04-04 18:08:46
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймагт энэ жил цаг хүндэрч зарим сумдад мал ихээр хорогдсонтой холбогдуулан бэлчээр, уст цэг, өвөлжөө, хаваржааны бууц, малын хашаа, хороог сэг зэмээс цэвэрлэх мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, агуулах зооринд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангуулах зорилгоор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мал эмнэлэг ариун цэвэр, ариутгал халдваргүйжүүлэлтийн аяныг хоёр үе шаттай явуулахаар болсон байна. 
Мал эмнэлэг ариун цэвэр, ариутгал халвдаргүйжүүлэлтийн аяныг сумын бүрийн Мал эмнэлэг үржлийн тасгийн улсын байцаагч болон тасгийн малын эмч нар хариуцан сумынхаа хэмжээнд багийн удирдлагууд, малчидтай хамтран энэ сарын 10-аас тавдугаар сарын 10-ны өдрийн хооронд, 10 дугаар сарын 10-аас 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл өрнүүлэх гэнэ.
Аяны хүрээнд малчдад малаас хүнд дамжин халдварладаг зооноз өвчин болох боом, бруцёллез, галзуу зэрэг өвчний халдвараас хамгаалах ариутгал халдваргүйжүүлэлт, ариун цэвэр, эрүүл ахуйн дадалд сургах, түүний ач холбогдлыг таниулан сурталчлах юм.
Тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албанаас жил бүр бэлчээр, хот бууцны  ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулдаг ч энэ жил өнгөрсөн жилүүдийнхээс илүү мал хорогдсон учир үхсэн малын сэг зэм их бий гэнэ. Тиймээс энэ жил хот, бууцны ариутгал халвдаргүйжүүлэлтийн цогц арга хэмжээ зохион байгуулахаар болсон ажээ.
 
 Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ