Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сарын аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-04-10 11:39:38
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нэг сарын аян дөрөвдүгээр сарын 09-нд эхэллээ. Сарын аяны нээлтэд Сайншанд суманд үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй аж ахуй нэгж оролцож, өөрсдийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, тоног төхөөрөмж  хувцас хэрэглэлийг танилцуулж үзүүлэх сургалт зохион байгуулав.
Мөн хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслээрээ бүрэн жигд хувцасласан Онцгой байдлын газар, “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газрын хамт олныг урамшуулж дурсгалын зүйлс гардууллаа. Осол гарсны дараа биш болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг нарийн чанд баримтлах хэвшлийг бий болгох нь сарын аяны гол зорилго аж.
Сарын ажлын хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар сургалт, зөвлөлгөөн болон ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил хийхээр төлөвлөсөн хэмээн зохион байгуулагчид онцоллоо.
Дашрамд дурдахад ажлын байр дээрх осол гэмтэл Дорноговь аймгийн хэмжээнд 2013 онд  дөрөв, 2014  онд тав, 2015 онд 10, 2016 онд дөрөв бүртгэгджээ.
Шалтгаан нь  компанийн  аюулгүй ажиллагааг нарийн мөрдөөгүй, ажлын хариуцлага, сахилга батыг хангаагүй байдагтай холбоотой аж. Аяны үйл ажиллагааг аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар аймгийн ЗДТГ төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах юм.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын Орлогч, ХАБЭА-н зөвлөлийн тэргүүн Г.Эрдэнэцэцэг, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Шагдарсүрэн болон бусад албаны хүмүүс оролцов.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ