МАХН-ынхны санаачилсан хуулийг дэмжиж, өдөрт 250-350 иргэн саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-04-10 13:04:32
Хэнтий /МОНЦАМЭ/ МАХН Бүгд найрамдах Монгол Улсын дээд хуулийн бүх нийтийн санал хураалтаа Хэнтий аймгаас эхлүүллээ.

Тэдний нэрлэж буйгаар Бүгд найрамдах Монгол Улсын дээд хуулийг өөрчлөх талаар МАХН-ын дарга, Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч Намбарын Энхбаяр санаачлан, МАХН-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл, Монгол Улсын эрдэм шинжилгээний ажилтнууд нэгдэн улс орон даяар ард иргэдийн саналыг авч боловсруулжээ. Энэхүү дээд хуулийг 21 аймаг 330 сум, 1568 баг, 9 дүүрэг, 150 хороогоор танилцуулах аж.

Тус намынхан Хэнтий аймгийн Чингис хот болон 18 сум, дөрвөн тосгонд гурван өдрийн турш ажиллаж, иргэдийг хамарсан олон үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Сумдаар ажиллах явцад өдөрт 250-350 иргэн дэмжиж саналаа өгчээ.

Хэнтий аймгийн уугуул, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга, МАХН-ын түмтийн дарга С.Ононбаяр ярихдаа "Хэдий хөдөө хол ямаагаа самнаж байсан ч саналаа өгөхөөр сумын төв зорьж буй олон иргэний нийгмийг өөрчлөх итгэл үнэмшил их байна. Нийгмээ өөрчлөх гэж хүссэн олон хүмүүс хуран чуулж, бид үндсэн хуулиа танилцуулсан. Хэнтий аймгийн бүх сумдаас төлөөлөгчид хүрэлцэн ирж, батламжаа гардан авлаа. Хэнтий аймгийн хувьд санал өгөх нийт 25000 хүний 20 хувь буюу 5000 хүн саналаа өгөөд байна. Энэхүү санал хураалтад иргэд идэвх санаачлагатай оролцвол ирэх долдугаар сард дуусах бөгөөд төр засагтаа шинэ хуулиа өргөн барих юм. Нийт 1, 050,000 хүн саналаа өгөхөд энэхүү үндсэн хууль батлагдана. Үүгээр үндсэн хуулийг зөвхөн төр баталдаггүй. Ард түмэн бүх нийтээрээ батлах боломжтой гэдгийг ойлгуулах хэтийн зорилготой юм. Энэ үндсэн хууль батлагдах аваас ард түмний маань амьдрал дээшилж, сайхан амьдрахын үндэс тавигдах учир та ч мөн адил 1,050,000 хүний нэг нь байж, эх орон болоод өөрийнхөө ирээдүйн төлөө хамгийн зөв алхмыг хийгээрэй” хэмээн уриаллаа.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ