Су-24-өөс үүдэлтэй сөргөлдөөн эдийн засагт нөлөөлөх нь

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2015-11-27 15:38:12

Мягмар гарагийн орой Туркийн сөнөөгч онгоцноос харвасан пуужинд оногдон Оросын Су-24 бөмбөгдөгч онгоц сүйрсэн нь олон улс даяар асар их дуулиан дэгдээлээ. Үүний улмаас “Алан хядагчидтай байлдаж байхад нь ар нуруунд нь хутга шаасан” Турк болон хохирогч болох Орос хоёрын цэргийн салбар дахь хамтын ажиллагаа бүрэн зогсч, энэ нь цаашдаа хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нь бараг тодорхой болоод байна.

Юун түрүүнд худалдааны эргэлт огцом буурч магадгүй юм. Одоогийн байдлаар хоёр улс жилдээ 30 гаруй тэрбум долларын наймаа хийдэг бол харилцан хөрөнгө оруулалтын хэмжээ 2 тэрбум долларт хүрчээ. Турк нь Оросын хувьд худалдааны 5 дахь том түнш болой. 

Ердөө хоёрхон сарын өмнө Путин, Эрдоган нар хоёр орны худалдааны эргэлтийн хэмжээг 2023 он гэхэд 100 тэрбумд хүргэнэ гэж тохиролцож байхдаа гэнэт ийм аюултай сөргөлдөөн үүснэ гэж төсөөлөөгүй биз ээ. Тэр ч бүү хэл, хоёр тал худалдааны чөлөөт бүсийн тухай хэлэлцээр байгуулахаар нэлээд шаргуу ажиллаж байжээ. Ердөө сарын өмнө гэхэд Оросын эдийн засгийн хөгжлийн сайд А.Улюкаев “Орос, Турк хоёр үйлчилгээ, хөрөнгө оруулалтын салбарт чөлөөт худалдааны бүс байгуулах асуудлаарх хэлэлцээрт гарын үсэг зурахаар бэлтгэж байна” гэж мэдэгдэж байсан бол энэ оны 3 дугаар сард Туркийн Эдийн засгийн сайд ч мөн адил энэ тухай дурдаж байсан. Тэр ч байтугай, Европ болон Дорно дахины уулзвар цэг болдог Турк улс бол ОХУ, Казахстан, Беларусь гурвын байгуулсан Евразийн эдийн засгийн холбоонд элсэх хамгийн боломжтой орон гэж ажиглагчид таамаглаж байлаа.

Нөгөөтэйгүүр, Украины асуудлаас үүдэн Оросын эсрэг авсан барууныхны хориг арга хэмжээнд Турк улс нэгдээгүй. Ингэснээр Оросын зах зээлд Европын Холбооны орнуудын эзэлж байсан орон зайг тодорхой хэмжээгээр нөхөх таатай боломж туркуудад гарч ирсэн бөгөөд хоёр орны худалдааны эргэлт огцом өснө гэсэн дүр зураг харагдаж байсан.

Ийм таатай нөхцөл үүсчихээд байхад эдийн засгаараа нягт холбогдсон хоёр том гүрэн бие биенийхээ онгоцыг буудаж унаган хоорондоо толхилцож байгаа нь гайхшрал төрүүлнэ. Том гүрнүүд гэсний учир нь, Турк улс ДНБ-ний хэмжээгээр дэлхийд 17 дугаарт бичигддэг бол ОХУ 5 дугаарт жагсдаг, хоёулаа “G20” бүлгийн гишүүд юм.

Аялал жуулчлал

Сөргөлдөөнөөс болж хамгийн түрүүнд Туркийн аялал жуулчлалын салбар хохирохоор байна. Оросын Гадаад хэргийн яам болон “Ростуризм” компанийн зүгээс Туркт очихгүй байхыг иргэддээ зөвлөхдөө “Турк дэх терроризмын аюул Египетийнхээс дутахгүй их байна” гэж анхааруулжээ.

Турк бол оросуудын хувьд зуны улиралд хамгийн очих дуртай газар нь, аялал жуулчлалын гол маршрут юм. Тухайлбал, 2014 онд гэхэд л Оросын 3,3 сая жуулчин /гадаадын нийт жуулчдын 12 хувь/ Туркт очиж, нэг хүний зардлыг хамгийн багаар 30 мянган рубль гэж тооцоход нийтдээ 70-80 тэрбум рублийн орлогыг Туркт оруулсан байгаа юм. Бүр тодруулбал, хэрвээ оросууд Турк руу хийж буй нислэгүүдээ зогсоож, жуулчдаа татах аваас Туркийн эдийн засагт 3,3 тэрбум долларын шууд хохирол учирна гэсэн тооцоо ч бий.  

Эрчим хүч
Орос, Турк хоёр бол энэ салбарт тун зузаан түншүүд гэдэг нь Оросын “Газпром”-ын хувьд Турк бол Германы дараа орох том хэрэглэгч гэдгээс харагдана. Өнгөрсөн оны дүн мэдээг үзвэл, оросууд Туркт 27,3 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлсэн нь нийт хэрэглээнийх нь 60 орчим хувийг хангасан гэсэн үг аж. Хийг Украин дахь хоолойгоор, мөн Хар тэнгисийн ёроолоор тавьсан “Цэнхэр урсгал” гэдэг хоолойгоор дамжуулан нийлүүлдэг байна.

Өнгөрсөн онд Оросын “Газпром” болон Туркийн “Ботас” компани Хар тэнгисийн ёроолоор “Туркийн урсгал” гэдэг хийн хоолой тавих асуудлаар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан боловч барилгын ажил өнөөг хүртэл эхлээгүй байна. Өмнө нь “Өмнөд урсгал” гэдэг төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан боловч Европын Холбоо эсэргүүцэн хориг тавьсаар байгаад зогсоожээ. “Туркийн урсгал”-ыг барихад саад болж буй хамгийн гол хүчин зүйл бол үнийн асуудлаарх хоёр талын санал зөрөлдөөн. Дээр нь, есдүгээр сарын сүүлээр оросууд Сирид цэргийн ажиллагаа явуулах болсноос хойш талууд хэл амаа ололцоход улам төвөгтэй болжээ. Учир нь, Сири бол эртнээс нааш Туркийн ашиг сонирхлын тун эмзэг бүс нутаг байсаар ирсэн билээ.

Түүнээс гадна, сөргөлдөөнөөс үүдээд Оросын “Росатом” компанийн Туркт барих гэж буй “Аккую” атомын цахилгаан станцын /АЦС/ төслийн хэрэгжилт хойшлох, бүр хэрэгжихгүйд хүрч магадгүй нөхцөл байдал үүслээ. 22 тэрбум долларын өртөгтэй энэ төсөл бол Москва, Анкара хоёрын хооронд байгуулагдсан эрчим хүчний салбар дахь хамгийн том гэрээ хэлцэл юм. Гэхдээ хоёр тал бүхий л шаардлагатай баримт бичгүүдэд гарын үсэг нэгэнт зурчихсан учраас төсөл бүрмөсөн зогсоно гэх магадлал бага. Тус АЦС 1200 МВт-ын хүчин чадалтай 4 реактортой байх бөгөөд эхний реактор нь төлөвлөсний дагуу 2022 оноос өмнө ашиглалтад орох ёстой.

Өөр нэгэн зүйл гэвэл, Оросын ЛУКОЙЛ компани Туркийн түлш шатахууны зах зээл дээрх томоохон тоглогч ажээ. 2008 онд тус компани Туркийн шатахуун түгээх станцуудын /ШТС/ сүлжээг 555 сая доллароор худалдан авсан ба одоо 600 гаруй ШТС-тай болж өргөжөөд байна. Энэ нь Туркийн зах зээлийн 7 хувийг эзэлж байна гэсэн үг.  

Онцлон дурдахад, зөвхөн Оросын “Газпром” болон аялал жуулчлалын компаниуд Турктэй бизнесийн холбоотой биш юм. Оросын Сбербанк нь Туркийн DenizBank-ны бүх хувьцааг 3,5 тэрбум доллароор худалдаж авсан нь стратегийн хувьд чухал алхам байжээ. Өдгөө DenizBank Туркийн хамгийн том 10 банкны нэгд тооцогддог бөгөөд 5,4 сая үйлчлүүлэгчтэй болж, активын хэмжээ нь 40 тэрбум долларт хүрчээ.

Цэрэг техникийн хамтын ажиллагаа  

Хэдийгээр зэвсгийн наймааны тал дээр Турк улс Оросын гол түнш биш боловч Туркийн армид “Калашников” автомат бууг хэрэглэсэн хэвээр байгаа аж. Танк эсэргүүцэх пуужингийн цогцолбор, хуягт тээвэрлэгч, агаарын довтолгооноос хамгаалах “Антей-2500” цогцолбор, “Ми-17” нисдэг тэрэг зэрэг цэргийн техникүүдийг туркууд Оросоос худалдан авч байсан бол саяны Су-24-ийн хэрэг явдлаас үүдэн энэ талын хамтын ажиллагаа бүрмөсөн зогсчээ.

Хэрвээ хямрал цаашдаа гүнзгийрэх аваас оросуудад ч мөн адил ашиггүй. Учир нь, Турк улс Хар тэнгисийн Босфор, Дарданеллийн хоолойнуудыг хянадаг учраас Оросын нефть нийлүүлэлтэд нөлөөлж чадах юм. Эдгээр хоолойгоор нэвтрэн Оросын байлдааны онгоцууд байрладаг Сири дэх Хмеймим гэдэг баазад шатахуун хүргэдэг байна. Ийм учраас хэрвээ уг хоёр хоолойг хаах аваас үр дагаврыг нь төсөөлөхөд тун бэрх болно. Олон улсын хууль эрхзүйн үүднээс авч үзвэл, дайн дэгдэх нөхцөл байдал үүссэн тохиолдолд Туркийн эрх баригчид тус хоёр хоолойгоор нэвтэрч буй хөлөг онгоцуудыг хяналтдаа авах эрхтэй аж.

Б.Адъяахүү

Эх сурвалж: www.rbc.ru

Холбоотой мэдээ