Эрдэнэбулганы түймэр Цагаан-Үүр сумын нутаг руу орж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-04-18 14:20:34
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн "Горхины-Эх, Ухантын даваа"-нд гарсан түймэр дөрөв дэх өдрөө асч байгаа бөгөөд Цагаан-Үүр сумын нутаг руу ороход их дөхсөн зарим газраараа буюу Хөх чулууны үзүүрээр хоёр сумын нутгийн хилд нийлж байна" гэдгийг Цагаан-Үүр сумын Засаг дарга Д.Далай мэдээллээ.
Түймрийг унтраахаар Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 51 хүн, 5 автомашин, 8 мотоцикль, 6 морьтойгоор түймрийн урд талд “Тарвагатай” гэдэг газар, түймрийн зүүн хойд тал “Хөх чулуу” гэдэг газар орон нутгаас 10 хүн, 10 морьтой хүн ажиллаж байна.
Харин  түймрийн хойд тал  “Өндөр хидмэгийн хяр” гэдэг газар орон нутгийн 15 хүн, 15 морьтой хүн,  нийт 88 хүн, 6 автомашин, 8 мотоцикль, 31 морьтой хүн унтраахаар ажиллаж байна. Мөн аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашин,  Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 11 алба хаагч, 1 автомашин, Цагаан-Үүр сумаас 30 хүн, 30 морьтой хүн, нийт 53 хүн, 2 автомашин 30 морьтой хүн нэмэлтээр очжээ. Түймрийн голомтод нийт Эрдэнэбулган сумаас 180 гаруй, Цагаан-Үүр сумаас 70 гаруй иргэн ажиллаж байгаа юм байна.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ